Цагдаагийн Ерөнхий Газарт бүртгэгдсэн тоо мэдээллээр манай улсад 2019 онд 27, 2020 онд 24 хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэг бүртгэгдсэн байдаг бол АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Сураггүй Алга болсон Болон Мөлжлөгт Өртсөн Хүүхдэд Туслах Үндэсний Төвийн (NCMEC) Cybertipline мэдээлэх сайтад бүртгэгдсэнээр манай улсын нутаг дэвсгэр дээр 2019 онд 4636 ширхэг хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт ашигласан байж болзошгүй зураг, видео бичлэг түгээгдэж байна гэж бүртгэгдсэн бол энэ тоо 2020 онд 10’757 болж даруй 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсын Засгийн Газар нь 2017 онд хүүхдийг цахимд орчинд үйлдэгддэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах #БидХамгаална олон улсын санаачилгад нэгдэн орсонтой холбогдуулан, НҮБ-ын Хүүхдийн сангаас Засгийн Газрын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн энэ асуудал дээр 2018 оноос хойш ажиллаж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангаас Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой (ХХЗХ) хамтран цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгтэй тэмцэхэд гар утасны операторууд хэрхэн хамтран ажиллаж болох талаар уулзалт хийж, энэ асуудлаарх хамтын ажиллагааныхаа эхлэлийг өнөөдөр тавилаа.
Уулзалтад Мобиком, Скайтал, Ж-Мобайл, Юнител компаниуд болон шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй Ай Эн Мобайл нэтворк ХХК гар утасны операторын хуулийн хэлтэс, бүтээгдэхүүн худалдаа болон маркетингийн хэлтэс, хүний нөөцийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс гадна, ХХЗХ-ны Интернетэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтэс, хүний нөөц, хуулийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Тус уулзалтаар цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгтэй тэмцэхэд гар утасны операторууд хэрхэн хувь нэмрээ оруулан хамтран ажиллах боломжтой талаар ярилцсанаас гадна, гар утасны компаниудын үйл ажиллагаа хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ямар нөлөө үзүүлдгийг үнэлэх “Mo-CRIA” өөрийн үнэлгээг ашиглан бизнесийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, байгууллагын дотоод бодлого журмаа хүүхдийн эрхийн линзээр үнэлэх, сайжруулах боломжийн талаар ярилцаж, хамтран ажиллахаар ярилцаж тохирлоо.