Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харьяа “Эрдэнэт Медипас” эмнэлгийг төрийн өмчид буцаан авч байна. Засгийн газрын шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар танилцуулж байна.
Эмнэлэг байгуулах санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь гаргасан бөгөөд нийт 35 сая ам.доллар буюу 69 тэрбум төгрөгөөр уг эмнэлэг босчээ. “Эрдэнэт медипас” эмнэлэг 170 ажилтны орон тоотой бөгөөд энэ оны нэгдүгээр сараас 120 орчим эмч, эмнэлгийн ажилтантайгаар туршилтын журмаар ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийх хүчин чадалтай юм.
Эмнэлгийг ашиглалтад орсны дараа эмчилгээний зардалд гадаад руу урсаж буй вальютын урсгалыг Монголдоо үлдээх, дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой тус эмнэлгийн тарифыг Улаанбаатарын “Интермед”, “Грандмед”, “Сонгдо” зэрэг эмнэлгийнхээс дунджаар 10 хувийн хямд тогтоосон байсан юм.
Гэвч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар “Эрдэнэт медикал” төв эмнэлэгт оруулсан хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр “Медипас” ХХК-ийн балансад шилжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн балансаас хасах шийдвэр гарч, нийт 70 тэрбум төгрөгийн барилга, орон сууц, дэд бүтэц, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийг шилжүүлэн өгсөн байдаг.
Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны А/80 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө болон зөвлөх үйлчилгээний зардлыг тооцон шилжүүлж эцсийн байдлаар 64.8 тэрбум төгрөгийн үлдэх өртөг бүхий дүнгээр компанийн балансаас хасч, авлагаар бүртгэсэн байна. Уг Гэрээний дагуу “Медипас” ХХК-аас 64.8 тэрбум төгрөгийн авлагыг 18 жилийн хугацаатай байгуулсан нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК валютын ханшийн болон ирээдүйн мөнгөний үнэ цэнээр алдагдал хүлээхээр гэрээ байгуулсан хэмээн үзэж хөрөнгийг төрд буцаан авч байгаа аж.