Улсын хилээр өчигдөр 50 тээврийн хэрэгслээр 63 чингэлэг орж иржээ. Нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 25-ныг хүртэл 1798 машинаар 20 тонны 1081 чингэлэг, 40 тонны 1351 чингэлэг ачаа бараа улсын хилээр орж ирсэн байна. Орж ирсэн чингэлгүүдийг буцаан БНХАУ-ын талд илгээх, эргэлтэд оруулахаар 653 чингэлэг буцаагаад байна.
Хятадын талд чингэлгийг ариутгаж хүлээлгэж өгдөг бөгөөд тус улсын талд дахин ариутгал хийгддэг. Чингэлэг ариутгах төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсний дараагаар эргэлтэд орох явц нэмэгдэнэ гэж үзэж байгаа хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Түүнчлэн 1 сарын 11-нээс хойш 225 машин улсын хилээр орж иржээ. Тэдний 38 нь суудлын машин, 148 нь ачааны машин, 17 нь ковш, тав нь сэрээт хутгагч, найм нь ачаатай автомашин, хоёр нь усны машин байсан аж.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн логистикийн талбайд нийт 807 чингэлэг гаргахад бэлэн, хүлээгдэж байна. Мөн Замын-Үүд дэх чингэлэг тээврийн зохион байгуулалтын үйл ажиллагаа нь ерөнхийдөө хэвшиж байгаа. Өдөртөө 60-70 чингэлэг солилцож байна. Энэ нь талбайгаараа хязгаарлагдаж байгаа тул өргөсгөхөөр Хятадын талтай санал солилцож, зураг төслөө боловсруулж байна яамны эх сурвалжууд мэдээлж байна.