“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
Үйл ажиллагааны нээлтэд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, ШУА-ийн ерөнхий академич Д.Рэгдэл, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш болон бусад албаны хүмүүс оролцов.
Бага хурлын хүрээнд Төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын технологийн шинэчлэлт, инновац, олон улсын хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжлийн асуудал, нийгэм эдийн засгийн хөгжилд төмөр замын салбарын үзүүлэх үр нөлөө, салбарын хөгжлийн эдийн засаг, удирдлагын асуудлууд зэрэг үндсэн сэдвээр нийт 70 орчим илтгэл хүлээн авчээ. Үүнээс 22 илтгэлийг шалгаруулж, өнөөдрийн салбар хуралдаанд танилцуулж байна.
Эдгээр илтгэлийг эмхтгэл болгон хэвлүүлэх бөгөөд “Төмөр замын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалт”-д танилцуулах дүн, зөвлөмжийг гаргах аж. Энэ чуулганыг 2022 оны хоёрдугаар улиралд зохион байгуулах юм байна.