-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРЛУУДЫГ ТОМИЛСОН, ТОМИЛУУЛСАН ХҮМҮҮСИЙГ Ч ШАЛГАХ ЁСТОЙ –
Цаг үргэлж өөр дээрээ гал дуудаж байдаг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай ярилцсанаа хүргэж байна.
– Өнөөдрийн шуугиан Хөгжлийн банк байна. Өмнө нь ч яригддаг байсан энэ сэдэв яасан хүчтэй гарч ирж байна вэ. Гэнэт илэрсэн хэрэг шиг?
– Хөгжлийн банкийг улс орны хөгжлийн том хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зориулалтаар байгуулсан. Гэвч гажууджээ. Арилжааны банкны хэлбэрт орсон байна. Өмчийн эзэн нь тодорхой бус, 36 сая төгрөгийн зээл хүртэл олгодог, ломбардны түвшинд очсон сүүлийн 10 гаруй жилийн хор уршиг гарч байна.
– Хөгжлийн банкнаас зээл авсан бүгдийг буруутгаж, нийгмийн зүгээс хоморголон зүхэж байна. Үүн дээр цаг алдалгүй зохицуулалт хийхгүй бол эрүүл зээлдэгчид хохирох нь тодорхой боллоо шүү дээ?
– Зээлдэгчдийг ялгаж зааглах ажил хийгдэж байна. Яг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, үйлдвэр барьж, баялаг бүтээхээр хөрөнгө оруулалт хийсэн, гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүндэрсэн, ханшийн эрсдэлд орсон зээлдэгчдийг ялгаж салгах ёстой.
Нөгөө талдаа зориулалтын бусаар зээлээ зарцуулсан, анхнаасаа бүр эргэн төлөх бодолгүйгээр зээл авсан, залилан мэхлэх үйлдэлтэй, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй зээлдэгчдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.
– Хууль, шүүхийн байгууллагад албан ёсоор хандсанаар зээлийн эргэн төлөлт зогсдог, ингэснээр хугацаа алдаж Хөгжлийн банкны хохирол улам их болно. Зарим луйварчид хуулийн энэ практикаас маш их хождог шүү дээ?
– Зээлдэгчдийн зарим хэргийг цагдаагийн байгууллага, зарим зээл нь АТГ-т шалгалт хийгдэж байна. Мөрдөн шалгах ажлыг хуваарилж, харьяаллынхаа дагуу цаг алдалгүй хийж байгаа. Мөн УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгүүдийн ажил үүргийн хуваарь өөр өөр. Тэр хүмүүс хуулийн хариуцлагаа хүлээх л болно, энэ бол тодорхой. Хууль хяналтын байгууллага зээлийг эргэн төлүүлэх асуудал руу илүү их төвлөрч ажиллаж байгаа.
– Хөгжлийн банкны энэ хэрэг шинэ сэдэв биш, ард түмэн сая мэдэж байгаа хэрэг биш гэдгийг эхэнд хэлсэн. Тус банкийг бүр эхнээс нь шалгаж байгаа бололтой. Улс төрийн тавцангаас холдсон, өнгөрсөн үеийн хэдэн улстөрчдөөр эцсийн бүлэгтээ туг тахих гэж оролдоод замхарчихгүй байгаа. Тийм практик Монголд байдаг шүү дээ?
– АН, МАН-гүй нийлж Хөгжлийн банкийг тоножээ гэж ойлгож байгаа.
-Та “Ойлгож байгаа” гэж хөндлөнгийн байр сууринаас ярих юм. Та дотор нь байгаа Засгийн газрын гишүүн шүү дээ. Сүүлийн зургаан жил тус банкны захирлууд бүгд МАН-ын Засгийн газраас томилогдсон. Банкны удирдлага Засгийн газарт эхэлж мэдэгдсэн, тэгээд зээлдэгчдийг хүний өөрийнгүй зарла гэж зөвшөорөл өгсөн нь тодорхой биз дээ?
– Та асууж, би танд хариулж байгаа учраас өөртөө байгаа мэдээлэл, ойлголтоо ярих учиртай шүү дээ.
– Би танаас нийгэмд юу яригдаж, юуг хардаж байгааг л асууна. Давхар дээлийн асуудал байна. УИХ-ын гишүүн Засгийн гишүүн байх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ хийх вэ. Магадгүй сайд болох санаатай гишүүдээ, намд санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй бизнесүүдийг Хөгжлийн банкаар дарж байна гэсэн яриа ч байна?
– Энэ талын мэдээлэл надад алга. 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулиар бол Үндсэн хуульд орох олон өөрчлөлтийг цоожилсон.
УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч тус бүрдээ өөрийн эрх хэмжээнд хамааралтай асуудлаар Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудлаар санаачилж болохгүй гэсэн цоожтой. Нэмэлт, өөрчлөлт оруулах дээрээ хүрвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Журмын тухай хуулийг л эхлээд ярина.
– Танаас асуух дараагийн сэдэв бол Оюу толгойн хэлэлцээр байна. Та Оюу толгойн хэлэлцээрийн Ажлын хэсгийн ахлагч. Хэлэлцээр өнөөдөр ямар шатандаа явна, ямар асуудлуудыг ид хэлэлцэж байна вэ?
– Оюу толгойн хэлэлцээр цаашаа олон жил үргэлжилнэ. Яг өнөөдрийн түвшинд наймдугаар сарын 12-н хүртэл Арбитрын маргаанаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тэр хүртэлх зургаан сарын хугацаанд хоёр асуудлыг бид ярилцаж шийднэ.
Нэгдүгээрт, Арбитрын маргаанаа эцэслэх, хоёрдугаарт татварын актаа бүрэн төлүүлэх. Өнгөрсөн жилийн цар тахлын хорионы хүнд үед гадна, дотно байгаа нийт монголчууддаа 300 мянган төгрөг өгсөн. Энэ эх үүсвэр нь Оюу толгойд татварын актаар тавигдсан 1.24 их наяд төгрөг байсан. Энэ мөнгөө бид тэднийхээр бүрэн хүлээн зөвшөөрүүлэх актын хэлэлцээр үргэлжилнэ. Лондонгийн Арбитрын шүүх дээр Монгол Улсын Засгийн газрыг нэхэмжлэгчээр татсан маргааныг эцэслэхээр ажиллаж байна. Энэ долоо хоногийн мягмар гаригт (өнөөдөр) бид хэлэлцээрээ графикийн дагуу үргэлжлүүлнэ.
– Оюу толгойн хэлэлцээр цаашаа олон жил үргэлжилнэ гэдгийг юу гэж ойлгох ёстой билээ?
– Оюу толгойг ашиглаж байгаа цаг хугацаа бүрд хөрөнгө оруулагч, хувь нийлүүлсэн талууд шинээр үүссэн нөхцөл байдал бүрийг хэлэлцэж явна. Биднээс хамаарахгүй ямар ч нөхцөл байдал үүсэж болохыг хэн маань ч мэдэхгүй. Тэр бүрд хоёр тал хэлэлцээд, хоёр талын эрх ашгаа хангаад явна гэсэн үг л дээ. Үүнийг үргэлжлэл гээд байгаа юм.
Тухайлбал, 2028 он гэхэд гүний уурхайн олборлолтын явцад “Онтри голд” компанийн талбай руу олборлолтын ажил үргэлжилнэ. Энэ тохиолдолд Засгийн газар-Оюу толгой- Онтри голд гэсэн гуравласан хэлэлцээр хийж таарна. Татварыг ямар түвшинд авчирч тогтворжуулах юм, хөрөнгө оруулалтыг аль тал нь хариуцах, ашигт малтмалын нөөц ашигласны татварыг ямар хувь хэмжээгээр төлөх юм…гэхчлэн өөр олон зүйл яригдаж таарна.
Цаашлаад 2030 он гарахад анхны хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дуусна. Тэр үед Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн давуу эрхийн хувьцааг худалдаж авах эрх үүснэ. Тухайн үед хэлэлцээр шинэ шатанд үргэлжлэх ёстой. Оюу толгойн энэ бүлэг ордыг цаашлаад 100 жил олборлож ашиглах явц бүрд хувь, хувьцаа нийлүүлсэн талууд хэлэлцээрийг тасралтгүй үргэлжлүүлээд явна шүү дээ.
-2028 он хүртэл лай ч байна, зай ч байна. Түүний наана ард түмний хүсээд байгаа зэсийн нэмүү өртгөөс эхлээд эрчим хүчний асуудал гэхчлэн Монголд ашигтайгаар шийдэх ёстой, шийдэх боломжтой олон асуудлууд бий?
– Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нэг асуудал Ерөнхий сайдын анхааралд үргэлж байгаа. Цаашид бид уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг яаж шингээх юм бэ гэсэн.
Зэс хайлуулах үйлдвэр барих үүрэг хөрөнгө оруулагч талд бий. Бид хэдхэн хоногийн өмнө цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Эрчим хүчний яамнаас Таван толгойд барих станцын тендерээ зарласан. Гүйцэтгэгч компанийг гуравдугаар сард багтааж зарлана.
Өмнийн говьд босох энэхүү 450 мВт- ын хүчин чадалтай цахилгаан станц нь 1980 оноос хойш манай улсад ашиглалтад оруулж байгаа хамгийн том нь байх болов уу
Улмаар энэ хавартаа барилга угсралтын ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Төлөвлөгөө ёсоор 2024 онд цахилгаан станцын эхний трубенуудыг ашиглалтад оруулж, 2026 онд бүрэн дуусгах юм. Өмнийн говьд босох энэхүү 450 мВт- ын хүчин чадалтай цахилгаан станц нь 1980 оноос хойш манай улсад ашиглалтад оруулж байгаа хамгийн том нь байх болов уу.
Одоо Оюу толгой төсөл Өмнөд Монголын эрчим хүчний системээс жилд 120 сая ам.долларын эрчим хүч импортолж байгаа. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаад эхлэхээр энэ хэрэглээ нэг дахин өснө. Тэгэхээр 200 сая ам.доллар урсана гэсэн үг. Үүнийг зогсоож, дотооддоо барихын тулд Таван толгойн цахилгаан станцыг эхлүүлж, яаравчилж байгаа хэрэг. Энэ станц ашиглалтад орсноор ганц Оюу толгойг хангаад зогсохгүй Таван толгой, түүнийг дагасан кокс химийн үйлдвэрүүд, бусад өмнийн говийн уул уурхайн төслүүдэд эрчим хүч нийлүүлэх юм.
– Нэмүү өртгийн талаарх яриан дээр тогтож яривал…
– Ерөнхий сайдын зүгээс гэрээнд заасан ажлуудаа хэрэгжүүлэх талаар шахсан. Айлын талын оролцоотой дагалдах ажлын хэсгүүд нэмж байгуулна, ТЭЗҮ-үүдээ хийх нэмэлт яриа хэлцлүүд хийнэ. Үүний үр дүнд зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж чадах юм бол нэмүү өртөг шингэнэ. Дээр нь дагалдах нэмэлт элементүүдээ ялгаж авна. Алт, молбедин, мөнгө… бусад ховор элементүүдээ ялгадаг технологид шилжинэ гэсэн үг.
Энэ мэтчилэн ирэх наймдугаар cap гэхэд хэлэлцээрийн эхний шат амжилттай дуусна гэсэн итгэлтэй байгаа. Цаашид Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн ТУЗ, дээр нь “Эрдэнэс Оюу толгой” компанийн төлөөллийг оролцуулаад, ажилласан шиг ажиллах ёстой.
2025 он гэхэд Оюу толгойн гүний уурхай жигдрэхэд борлуулалтын хэмжээ гурав дахин өснө. Өнгөрсөн жил Оюу толгой хоёр тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. 2025 он гэхэд өнөөдрийн ханшаар дор хаяж 6.5 тэрбум долларын зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. 2028 онд далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад дөрөв дахин их буюу өнөөдрийн ханшаар 8.4 тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортоороо дэлхийд эхний дөрөвт орно гэсэн үг.
– Оюу толгойн эдийн засгийн үр өгөөжийг ард түмэнд илүү дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлаж байх ёстой юм билээ.
– Яг үнэн, бид зөвхөн татварын орлогоо л яриад байгаа юм. Оюу толгойд жилд нэг тэрбумаас доошгүй хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Валютын ханшийг 200 төгрөгөөр тогтмолжуулан барьж байгаа гэж Монголбанкнаас хэлж байгаа.
Оюу толгойд 10 мянга гаруй аж ахуй нэгж туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр ажиллаж, олон мянган ажлын байрыг бий болгосон. Энэ мэтээр Оюу толгой төслийн эдийн засгийн шууд болон дам үр өгөөжийг яривал их олон сайн үзүүлэлт гарна.
– Сая Оюу толгойн 2.3 тэрбум долларыг тэглэхэд Монгол Улсад ирж байгаа үр дүн нь шууд утгаараа яаж мэдрэгдэв?
-Би баримжаагаар хэлье, нарийн тооцоог мэргэжлийн яам хэлнэ байх.
2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр наад зах нь манайд ирэх ашиг нь цаг хугацааны хувьд наашлах боломж бүрдлээ. 2029 он гэхэд Монгол Улс шууд ашиг хүртэж магадгүй. Бид Оюу толгойгоос авах жинхэнэ ашгаа ингэж хугацааны хувьд наашлуулах өөдрөг баримжаа, тооцоо, эерэг хүлээлттэй болсон.
Гадны санхүүгийн шинжээчид 56/34 хувь гэсэн харьцаа жинхэнэ утгаараа одоо хангагдлаа гэсэн дүгнэлтийг өгч байгаа. Бидний 57 дугаар тогтоолын агуулга бол 56/34-дөө хүрэх ёстой зорилт.
Бизнес гэдэг бол харилцан ашигтай, харилцан хожилтой байх зарчимд суурилах ёстой. Түүнээс бид дангаараа ашигтай байж болохгүй нь хэнд ч тодорхой асуудал.
– Өөдрөг мэдээлэл байна. Ер нь бол ингээд үр дүн нь гарч болох цөөнгүй төсөл байсан даа. Гэвч гацсан, нэг л явж өгөөгүй, эцэст нь Монгол Улс хохирч байгаа. ХЗДХ-ийн сайд, Оюу толгой ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнгөрсөн цаг хугацааны энэ алдаанд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
– Миний хувьд цэвэр эдийн засгийн хүн биш ч гэсэн Оюу толгойн ажлын хэсгийг ахалж, жил гаруйн хугацаанд ажиллахдаа энэ талын мэдээлэл арвинтай боллоо. Наад асуудлыг чинь яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ.
Манай улсад хайгуул хийчихсэн төрийн болон хувийн хэвшлийн маш олон орд байна. Энэ бүгдийг бид яаралтай ашиглалтад оруулах ёстой. Тэр бүгдэд нэмүү өртөг шингээж, татвараа авч, баялгийн сангаа бүрдүүлж байж ирээдүйд сайн сайхан амьдарна. Үүнийг бүгдээрээ ойлгож байгаа, одоо ганцхан эхлүүлэх, ажил болгох хамгийн чухал.
– Энэ сэдвийг түр орхиё. Таны удирдаж байгаа яамны ажлын заримыг тодруулъя. Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Танай яамны зүгээс гол ямар хуулийн төслүүд өргөн барих вэ?
– Хэлэлцүүлгийн шатанд 10 гаруй хуулийн төсөл бий.
Холбоо болон сангийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль… гэх мэт.
Эдгээр хуулиуд дөрөв, тавдугаар сардаа явчих болов уу гэж харж байгаа. Дээр нь Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль байна. Энэ хуульд эдийн засгийг эрчимжүүлэх гол заалтуудыг багтаасан. Эдийн засгийг яаж эрсдэлд оруулахгүй байх вэ, бизнес эрхлэгчдийг эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ гэсэн агуулгатай чухал хууль. Энэ мэтчилэн олон хуулийг манай яамнаас өргөн барина.
Оюу толгойд жилд нэг тэрбумаас доошгүй хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Валютын ханшийг 200 төгрөгөөр тогтмолжуулан барьж байгаа
Нэг онцлог нь энэ жил ХЗДХ-ийн яамнаас Хувийн эрх зүйн салбарыг дэмжинэ гэсэн чиглэлд хуулиудаа өргөн барьж байгаа. Арилжааны тухай хууль, Хэрэглэгчийн гэрээний тухай хууль, Шүүхийн бус замаар хэрэг маргаан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль гээд энэ чиглэлийн хуулиуд хаврын чуулганаар орно.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ерөнхий сайд төрийн бүтээмжийг өндөр болго гэсэн үүрэг өгсөн. Энэ хүрээнд төрийн хяналт, шалгалтыг хялбаршуулах хуулийн төслийг өргөн барьсан, Их хурал хэлэлцэж шийднэ.
Араас нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өргөн барина. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн яамнаас боловсруулсан худалдан авах ажиллагааны тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль… гэхчлэн олон хууль энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ.
Хоёр гол агуулга, үзэл баримтлалтай хуулиуд байгаа биз. Нэгдүгээрт, хувийн эрх зүйн салбарыг дэмжсэн хуулиуд. байгаа биз. Нэгдүгээрт, хувийн эрх зүйн салбарыг дэмжсэн хуулиуд. Нөгөөх нь төрийн бүтээмжийг сайжруулах тухай хуулиуд гэж багцалж ойлгож болно.
– Төрийн бүтээмжийг сайжруулах тухай хуулиуд гэж яг ямар үзэл баримтлалтай хуулийн төслийг ярьж байна вэ?
– Саяхан Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс Ц.Нямдорж дарга, Л.Энх-Амгалан сайд бид нарт үүрэг өгсөн. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд төрийн албаны бүтээмж, үр нөлөөллийг гадны менежментийн том компаниудаар ажлын байрны зураг авалт хийлгэе гэж. Энэхүү чиглэлээр бид энэ долоо хоногоос хуралдана.
Жишээлбэл, Дорж гэж мэргэжилтний ажил үүргийн хуваарь ямар байгаа, ажлын ачаалал бага байна уу, эсвэл их байна уу, яг хэвийн хэмжээнд байна уу гэдгийг тодорхойлно. Нөгөө талд Дулмаа ТЗ-ийн 10-аар цалинжиж байгаа гэж бодоход, түүний ажлын чиг үүрэг Доржийнхтой давхцаж байна уу, ачаалал нь их үү, бага уу. Энэ хоёрын ажлыг нийлүүлээд нэг хүн хийхээр байна уу, цомхотгох уу, нэмэх үү гээд ажлын байрны том зураг авалтыг эхлүүлнэ гэсэн үг л дээ. Ингэж байж төрийн бүтээмж бодитой гарч ирнэ. Энэ чиглэлийн ажлууд олныг хийнэ.
– Ингэхэд Казиногийн хууль хаана явна вэ, энэ хаврын чуулганаар орох уу?
– Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хууль дотор яваа. Казиногийн хууль, Төлбөрт тааварт, бооцоот тоглоомын тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг давхар өргөн барьж байгаа.
– Томоохон зочид буудлуудын лифт зогсдоггүй давхар бүрд мөрийтэй тоглоомчид суудаг гэдэг. Тэр хяналтгүй их мөнгийг хэрхэн эдийн засагт оруулах талаар ярихаас цаашгүй байгааг хуулиар зохицуулах нь зөв байх?
– Агуулгын хувьд Казиногийн тухай хууль мөрийтэй тоглоомоос огт өөр.
Монголд ирж байгаа жуулчдад зориулсан цэнгээнт аялал жуулчлалын хүрээнд Морин бооцоот уралдаан болон Казиногийн хууль хэрэгжинэ. Жуулчид Монголд цагийг тав тухтай өнгөрөөдөг, манайд орлого оруулдаг ийм хэлбэрийг бий болгох зорилготой.
Таны хэлж байгаа зүйл бол Эрүүгийн хуулиар хориотой. Цагдаагийн байгууллага байнга ажиллаж, илрүүлж, эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэж байгаа. Энэ хаврын чуулганаар Эрүүгийн хуулийн томоохон өөрчлөлтийг оруулах юм. Мөрийтэй тоглоомын ял шийтгэлийн бодлогыг чангатгана. Үүнээс дутуугүй асуудал дагуулж буй зүйл нь цахим бооцоот тоглоом байна. Үндсэндээ цахим казиногийн асуудал.
– Наад асуудал чинь хууль эрх зүйн ямар ч зохицуулалтгүй явж байна, тийм үү?
– ХЗДХ-ийн яамнаас зөвшөөрөл өгөх эрх зүйн зохицуулалттай. Гэхдээ яам 2006 оноос хойш нэг ч зөвшөөрөл өгөөгүй. Сүүлийн үед залуучууд аливаа тэмцээн, уралдаанд цахимаар бооцоо тавих нь ихэссэн.
Bet гэж яриад байгаа шүү дээ. Тухайлбал, ОХУ-ын энэ чиглэлийн платформуудад жилд 20-30 тэрбум төгрөг үрэгдэж байна гэсэн судалгаа гарсан байсан. Эрүүгийн цагдаа, Кибер цагдаагийн газраас хяналт тавьж, хандалтыг нь зогсоож байгаа.
Мөн Төв банкнаас тухайн сайтууд руу гүйлгээ хийхийг хориглосон. Гэтэл тусдаа зуучлагч хүмүүс гарч ирэх жишээтэй. Тэр зуучлагчдын хойноос хөөцөлдөөд дансыг нь олохоор тодорхой гэрийн хаяггүй хүмүүсийн нэр дээр данс нээлгэсэн байх гээд бэрхшээлүүд гарч байгаа.
Нэгэнт л интернэт орчныг нэг далайлтаар эмхлэх боломжгүй учраас өөрчлөхийн тулд Монголд зөвшөөрөлтэй үйлчилгээг нь бий болгоё гэсэн хуулийг оруулна. Технологийн дэвшлийг нь дагуулаад эрх зүйн орчныг нь бүрдүүлье гэсэн үг. Монгол залуучууд өөрсдөө ийм платформууд үүсгээд явж болно, тэрнээс хуулийн гадна цахим казино ажиллуулж болохгүй.
– Зөрчлийн хуулиар хүлээлгэж байгаа хариуцлагын 96 хувь нь зөвхөн замын хөдөлгөөний дүрмийн зөрчил байна гэдэг үнэн үү?
– Үнэн. Монгол Улсад жилдээ 1.2 сая орчим зөрчил бүртгэгдэж байгаа юм. Түүний 96 орчим хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж байна. Үлдсэн дөрвөн хувь нь бусад 2,000 төрлийн зөрчил рүү орж байгаа.
– Замын цагдаагийн албыг улсын төсөвт жилд 20 тэрбумыг оруул гэсэн төлөвлөгөөтэй байдаг гэх яриа ортой байх нь ээ?
– Төсөв бүрдүүлэх гэж торгууль тавьдаг гэсэн асуудал огт байж болохгүй.
– Та хамгийн олон ажлын хэсгийг ахалж байна уу?
– За, бараг тийм байгаа байх.
– Энэ олон ажлын хэсгүүдээс хамгийн их ачаалалтай нь юу байна?
– Ер нь бүгд ачаалалтай. Мэдээж Оюу толгойн Ажлын хэсэг одоохондоо ажил их байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн ачаалал бас их байгаа.
– Сонирхолтой ажлын хэсэг байна. Дээр орхисон сэдэв сөхөгдөх нь. Х.Нямбаатар гадны байгууллагын талд ажилладаг гэсэн мэдээлэл “сэвэгдээд” байдаг нь үүнтэй холбоотой юу?
– Хэлж мэдэхгүй юм… Уг нь бол өөр зорилготой ажлын хэсэг.
– Гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хууль бусаар булаан авах нь өнгөрсөн жилүүдэд торийн өндөр албаныхан, хууль хүчнийхний оролцоотойгоор их хийгдсэнийг хүмүүс мэднэ. Үүнийг эмхэлж цэгцлэхэд хугацаа их орохоор байна уу?
– Шулуухан хэлэхэд, сүүлийн 10, 20 жилд гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх үйл явц хэрээс хэтэрсэн учраас гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Үүнийг залруулах ёстой.
Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны бүх Элчин сайдын яамдын тэргүүнүүд, дипломат төлөөлөгчийн газрын удирдлагыг урьж, уулзаж. ярилцана
Удахгүй Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны бүх Элчин сайдын яамдын тэргүүнүүд, дипломат төлөөлөгчийн газрын удирдлагыг урьж, уулзаж. ярилцана. Тухайн улс орнуудаас Монголд хөрөнгө оруулалтаа дээрэмдүүлсэн, луйвардуулсан бүх судалгааг танилцуулж, стратегийн өмгөөлөл хийгдэж байгаа талаар танилцуулна.
Гадныханд өнөөдрийн төрийн удирдлагад ажиллаж байгаа бид өмнөх хүмүүсээс, ах нараасаа огт өөр хүмүүс, өөрөөр ажиллана гэдгийг ойлгуулах ёстой. Манай ах нар дээрэм тонуул хийж байсан уу, байсан. Бид өөр үзэл бодолтой хүмүүс шүү.
– Луйвар ч ил цагаандаа гарсан даа. Налайхын наад тал, Хонхор орчим, Яармаг орчмын царцсан барилгын энэ олон сууриуд, хотын төвд ч эзэн нь тодорхойгүй царцчихсан барилгуудын ихэнх нь гадны хөрөнгө оруулалттай эхэлсэн. Манай хууль хүчний байгууллагууд, улс төрийн хүрээнийхэн, Прокурор, Шүүх, Тагнуул, танай яамны харьяанд байдаг Гадаадын иргэн харьяатын газрынхан хүртэл оролцож хөрөнгө оруулагчдыг албадан гаргадаг, Монгол руу эргэж ирэх замыг хаадаг, буцаж ирвэл барьж хорино гэж айлгадаг. Иймэрхүү аргаар монголчуудын гарт хэдийнээ орчихсон олон барилга байгууламж, газар, үйл ажиллагаатай аж ахуйн нэгжүүд, эмнэлэг сувиллууд… гэхчлэн олон салбар бий. Бүгдийг гадныхнаас булааж дээрэмдэж авсан. Харамсалтай нь луйвар дээрэм өнөөдөр ч үргэлжилж байна шүү дээ?
-Тантай санал нэг байна.
Өнөөдрийн Ерөнхий сайд, Т.Аюурсайхан гишүүн, Лу.Болд, Ж.Батзандан бид тавуул үүний эсрэг л тэмцсэн. Өнөөдөр биднийг янз бүрээр хэлж ярих нь бий. Гэхдээ бидний тэмцлийн үр дүн гарч эхэлсэн шүү дээ.
Эрдэнэтийг дурдаж болно. Мөн Оюу толгой төсөл байна. Шүүхийн шинэчлэлийн ажлууд хийгдэж, эхнээсээ шүүгч нарт хариуцлага тооцдог боллоо. Ингэж тэмцэхээс өөр арга тэр үед үнэндээ байгаагүй шүү дээ.
Манай прокурорын байгууллагад ажиллаж байсан, Тагнуулын албыг удирдаж байсан, Ерөнхийлөгчийн тамгын газрын институцид ажиллаж байсан, Их хурлын институцид ажиллаж байсан хүмүүс бүгд хамтран оролцож энэ дээрмийг хийсэн шүү дээ.
Тэдний гар хөл болж, тэдний тушаалаар мансууруулах бодис өрөөнд нь хулгайгаар тавьсан, энэ ажлыг гардан гүйцэтгэсэн залуу нь гэнэт хувьдаа томоохон авто угаалгын газартай болчихсон байх жишээтэй.
Үнэн нүүр царай нь ийм, луйварчин болох нь тогтоогдоод явж байгаа хүмүүс өнөөдөр ард түмний нүдэн дээр шударга дүр эсгээд явж байна. Ийм юмнууд л энэ улс орныг туйлдуулж байна.
Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаад, дараа нь хөөгөөд гаргачихсан, үүнээс болж хоёр орны дипломат харилцаанд хүндрэл учраад явж байна.
Та мэдэж байгаа. Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаад, дараа нь хөөгөөд гаргачихсан, үүнээс болж хоёр орны дипломат харилцаанд хүндрэл учраад явж байна.
Яг гардан гүйцэтгэсэн хүнээ Америк руу зугтаалгачихсан. Эх орноо ингэж хорлож болохгүй биз дээ. Заримдаа хэлэх үг олдохгүй үе гарах юм байна шүү дээ. Энэ бүгдийг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, улсыг хохиролгуй, гадны хөрөнгө оруулагчдыг хохиролгүй болгох, буцаан авчрахын төлөө ажиллаж байна.
Төртэй, хуультай, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй улсын хувьд эдгээр гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах, дээрэмчдэд хариуцлага тооцох ажлын эцсийг үзнэ. Яривал их юм бий. Монголд буцаж орж ирэхээргүй хар тамга даруулаад гарсан гадаадын иргэн бүрийн ард ийм луйврын золиос байхыг үгүйсгэхгүй. Энэ өдрөөс хойш, энэ цаг мөчөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх асуудал байж болохгүй.
– Гэхдээ л гадныхныг дарамтлах, айлган сүрдүүлэх янз бүрийн тех- нологиуд үргэлжилсээр байгааг тодорхой эх сурвалжууд ярих юм байна шүү дээ?
– Нэг үе цагаандаа гарсан байсныг бодвол одоо эмх цэгцэндээ орж байна. Гэхдээ нэг мөр цэгцэндээ ороход хугацаа хэрэгтэй байна. Оны өмнө гадны хөрөнгө оруулагчийг хээр аваачин биед нь халдаж, хүчээр гарын үсэг зуруулсан хэрэг гарсан.
Концессын гэрээнээсээ татгалз гэж шүү дээ. Тэр гарын үсэгтэй бичиг нь Төрийн ордон руу, УИХ руу орж ирснийг одоо юу гэж ойлгох вэ. Даварсан үйлдэл биш үү. Энэ хэргийг шалгаж байгаа. Тэдний нэрийг цаг нь болохоор зарлаж л таарна. Тэр болтол битгий жүжиглэ гэж хэлмээр олон хүн цаана чинь шударга ёс яриад явцгааж байна. Заримынх нь үгэнд ард түмэн итгээд ч байх шиг харагдах юм.
– Тодорхой байгууллагын талаар танаас асуумаар байна. Одоо АТГ-т чинь шинэчлэл хэрэгтэй болчихсон юм биш үү. Өнөөдөр улс төрийн томоохон хүрээнийхэн, томоохон бизнесийн бүлэглэлүүд өөр өөрсдийн хүнээ тэнд нэгэнт байршуулчихлаа. Нэгэн үе Цагдаа, Тагнуул тэгж л дампуурсны зах зухаас сая та бид хоёр ярилцлаа шүү дээ?
– АТГ өнгөрсөн хугацаанд чамлахааргүй үр дүнтэй ажилласан. Өдөр тутамд авлигыг мөрдөн шалгаж, тогтоож, хэргийг хүлээлгэсэн ажлын статистик сайн байгаа. Өнгөрсөн жил авлигын улмаас улсад учруулсан хохирол болох 90 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Одоо танд ямар байр сууринаас юу хэлэх гэж байна гэвэл Монгол Улс “Үндэсний мөрдөх алба”-тай болох цаг болсон. Өнөөдөр гурван газар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Тагнуул, Цагдаа, АТГ. Энэ гурван газарт хэргийн харьяалал давхацдаг.
– АТГ байхгүй болно гэсэн үг үү?
– АТГ зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг шалгадаг, хянадаг байх. Бид судалгаа хийж эхэлсэн. Эхний ээлжид олон нийтэд мэдээллийг зөв өгөх хэрэгтэй. Зүгээр нэг төсөөлөл ярьж болохгүй, ийм судалгааны ажлууд хийгдээд явж байгаа гэдгийг эхний удаад хэлж байна.
Мэдээж олон босго давах асуудал. Энэ асуудлаар Монголын Мөрдөн байцаах албыг үеийн үед удирдаж байсан удирдлагатай бүгдтэй уулзаж санал бодлоо солилцоод явж байна.
– Тантай уулзсаных нийгэмд огт ойлгомжгүй байдаг нэг асуудлыг танаас асууя. “Зоригийн хэрэг”-ийн захиалагчийг нь зарлахгүй хэрнээ гүйцэтгэгчийг нь зарлаж, ял уншсан нь ямар учиртай юм бэ?
– Харин тийм…
– Юун харин тийм гэж, би ХЗДХ-ийн сайдаас ямар учиртайг нь асууж байна шүү дээ…
– Тэгээд яагаа вэ, би ч гэсэн яагаад тэгсэн юм бол гэж гайхдагаа илэрхийлж байна.
– Та ийм хариулттай сууж байгаа бол иргэд ер нь юугаа мэдэх юм бэ?
– Тийм учраас л бид “Энэ хэрэг дээр буруу хүмүүсийг шалгачихлаа” гэдэг асуудлыг тавьсан шүү дээ.
– Захиалагч тал нь эрх баригч намд хамаатай байсан юм уу?
– Энэ бүгдийг мэдэж байсан бол дуугүй сууж байх хүн би мөн үү. Одоо бол ийм гурван хэрэг шалгагдаж байгаа. Захиалагчтай холбоотой хэрэг. Үүнийг хурдан дуусгах нь шалгаж байгаа ТЕГ-ын асуудал.
Хоёрдугаарт, үндсэн хэргийг шалгаж байгаа.
Гуравдугаарт, хэрэг буцсан учраас өнөө гурван нөхрийг гэм буруутай юу, буруугүй юу гэдгийг дахин шалгаж байгаа гэж ойлгож байна. Миний зүгээс холбогдох байгууллагын удирдлагуудад “Энэ олон хэргүүдийг нэгтгээд шалгавал ямар вэ” гэсэн санал тавьдаг.
– Та хуульчийнхаа хувьд Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг цагаатгасныг юу гэж дүгнэдэг вэ. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг шүү дээ?
– Гурван шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх эргээд хүчингүй болгосон шүү дээ.
– Ийм тохиолдолд Шүүхэд итгэх иргэдийн итгэл хөсөр хаягдана биз дээ. Гурвын гурван шатны Шүүхийг даван хүн хэлмэгдүүлсэн байна гэхээр чинь Монголд Шүүх засаглал байсан юм уу, байгаа юм уу?
-Шинээр нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гурван шатны Шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Одоо Мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллагууд өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх ёстой. Шинэ нотлох баримтууд дээр шинэ ажлын хэсэг цоо шинэ нүдээр харж, мэдэрч ажиллана гэж итгэж найдаж байгаа.
– Улсын Ерөнхий прокурорын орлогч байсан Г.Эрдэнэбат ял авсан. Түүнийг сайн хуульч гэж салбарынхан нь үнэлдэг. Гэхдээ та “Эрдэнэбат прокурор бол гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлаад гарын үсэг зурчихсан юм шиг байна лээ” гэж хэлж байсан.
– Тэгсэн, тэгж хэлсэн.
– Эмэгтэй хүнийг мансууруулж байгаад гарын үсэг зуруулна гэсэн гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөг Улсын ерөнхий прокурорын орлогч батлан гарын үсэг зурна гэдэг… ийм юм байж болох уу. 1937 оны үеийнх шиг явдал биш үү?
– Тэр гүйцэтгэх ажиллагаа нь буруу байсан учраас л хуулийн хариуцлага хүлээсэн. Монголчууд бүгдээрээ зурагтаар харсан, эмэгтэй хүнийг согтууруулж, мансууруулж байгаад хуруу гарынх нь хээг авдаг гүйцэтгэх ажиллагаа өчигдөрхөн манайд байсныг. Энэ бүхэн баримт, ийм ил цагаан баримтыг одоо тэгээд хэн үгүйсгэх юм.
Монголын ард түмэн бүгдээрээ харсан. Ийм гүйцэтгэх ажиллагаа ардчилсан Монгол Улсад байж болохгүй. Миний хувьд лав хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
– Танд яагаад ч ойлголцохгүй улстөрчид, хуульчид байдаг уу?
– Ойлголц, ойлголц бас дахин ойлголц гэсэн зарчим надад үйлчилдэг дээ /инээв/. Ойлголцохгүйгээр төрийн ажил явахгүй. Хэнтэй ч байсан уулзаад, ярилцаад суухад ойлголцож болдог. Өөрийн байр суурь дээрээ хатуу байх зарчим хүмүүст байна, надад ч бий. Гэхдээ ойлголцоод явж болдог юм аа.
– Та гишүүн асан О.Баасанхүүгийн өмгөөлөгчийн эрхийг сэргээхээр хөөцөлдөөд явж байна гэж дуулдсан. Сэргээж өгч чадав уу. Та хоёр ч чуулганы танхимд ширүүн үзэлцдэг, дээр дороо ордог байж билээ?
– О.Баасанхүүгийн өмгөөлөгчийн эрхийг сэргээх хүсэлтийг би Өмгөөлөгчдийн холбоонд тавьсан. Бид хоёрын парламентын танхимд маргаж мэтгэх бол тусдаа ажил.
Эр хүмүүсийн хоорондын харилцаанаас ангид асуудал. Амьдрал дээр, хүнийхээ хувьд аяга кофе хувааж уугаад зэрэгцэн орших нь бас нэг өөр асуудал. Ер нь эр хүмүүс бие биедээ хар муу санах асуудал байж болохгүй дээ. Мартах, өнгөрөөх юмнуудыг өнгөрөөх л хэрэгтэй. Бидний хэн маань ч алдаа, оноон дундуур л явж байна.
– Та чуулганы танхимд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар айхавтар үг хэлж нийгмийг цочоосон. Монголын хууль шүүхийн байгууллага ордны зүүн талын тэдэн давхраас үүрэг даалгавар авч ажилладаг болсон гэж. Ерөнхийлөгч асантай та сүүлд хэзээ уулзав?
– Ер нь уулзаагүй. таарахгүй л яваа. Намайг томилогдоход өрөөндөө нэг загнасан. Тэрнээс хойш уулзаагүй юм байна.
– Таныг Ерөнхий сайдтай хамаатан садан гэж ярьдаг?
– Ерөнхий сайдтай ямар нэг ах дүү, цусан төрөл, садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёр бол Хэнтийн Бэрх тосгоны хүүхдүүд. Нэгнээ багаас нь мэднэ.
– Бээжингийн олимпоос хойш Монголын боксын холбоог та нийгэмд жаахан сэрээж, чихийг нь дэлдийлгэж өгөв үү?
– /инээв/Тэгсэн байх. Гурван шалтгаан байсан.
Нэгдүгээрт, би багаасаа боксын спортын үнэнч дэмжигч байсан.
Хоёрдугаарт, миний багын найзууд тэр чигээрээ нэгэн цаг үед Монголын боксын шигшээ багийг бүрдүүлж байсан юм. Одоо бүгдээрээ ахмад мастерууд болцгоож дээ.
Гуравдугаарт, олон улсад Дотоод хэргийн сайдууд нь Боксынхоо холбоог тэргүүлдэг жишиг байдаг юм билээ. Учир нь боксын, тулааны спортын шилдгүүдийн ихэнх нь тухайн улсынхаа хууль хүчний байгууллагууддаа харьяалагддаг, ажилладаг, спорт хороонд нь байдаг юм билээ.
Монгол Улс ч ялгаагүй өнөөдөр боксын спортын өнгө болж байгаа шилдэг тамирчдын ихэнх нь ХЗДХ-ийн яамны харьяа “Хүч’, “Сүлд”, “Хилчин” спорт хороодод харьяалагддаг. Хүссэн хүсээгүй тэд сайдын удирдлагад байдаг гэсэн үг. Ийм учир шалтгаанууд уг нь байгаа юм л даа.
Боксын холбооны ерөнхийлөгч болоод их шүүмжлүүлсэн. Над шиг нэг спорт холбооны дарга болоод хэдэн cap үргэлжлүүлэн шүүмжлүүлсэн хүн байдаг ч үгүй байх. Гэхдээ нэгэнт ажил авсан хүний хувьд хариуцлагатай, сэтгэлтэй ажиллах ёстой.
Боксын хамт олноо нэгтгэн зангидаж, нэг санаа зорилготойгоор ажиллах, 2024 оны Парисын олимпын цикльд боксчдоо сайн бэлдэх, амжилт гаргахын төлөө энэ их ажлынхаа хажуугаар хичээж байгаа. Олон сайн бизнесмэнүүд Боксын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуультай юм билээ. Тэд бол сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс.
Сая Ташкентад болсон Азийн аваргаас манай боксчид түүхэнд байгаагүй амжилт үзүүлж 12 медаль авсан. Хоёр алт. хоёр мөнгө, найман хүрэл медаль авсан. Үүнийгээ нэг их сурталчлаагүй байгаа. Энэ хүүхдүүд бүгдээрээ 19-22 насныхан. Бүгдээрээ олимпын шигшээг бүрдүүлэх залуус. Хил гаалийн асуудал гайгүй болбол гадагшаа явах ёстой бүх тэмцээнд оролцуулна, хамтарсан бэлтгэл хийлгэнэ.
– Спорт ярьсных Үндэсний баяр наадмын тухай хууль энэ чуулганаар орж байгаа юу?
– Саяхан миний бие Монголын морин спорт уяачдын холбооны төлөөллийг хүлээн авч уулзсан. Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг танилцуулж. саналыг нь авч санал нэгдсэн. Ирэх долоо хоногт МҮБХ- ны удирдлагыг хүлээн авч уулзана. Өнөөх л допингийн маргаан, цол чимгийг хэн олгож байх юм. бүртгэл яаж хийх гэхчлэн ярилцаж санал бодлоо нэгтгэнэ. Түүний дараа сурынхан, шагайн харвааны холбоодтойгоо уулзана.
Ингээд үндэсний дөрвөн том холбоодтойгоо ойлголцож, саналаа нэгтгээд хуулиа өргөн барина. Ер нь ямар ч хуулийг өргөн барихын өмнө нийгмээсээ асууж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, хийг нь гаргаж байж чуулганаар хэлэлцүүлэн батлуулж байх бодлоготой байгаа.
Жишээ нь, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Зөрчлийн тухай хууль том хууль шүү дээ. Нийгэмд байхгүй бол болохгүй хууль. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр нь нийгмийн харилцааг зөв зохицуулах хүч, улс орны аюулгүй байдлын баталгаа юм.
– Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.