Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагууд болоод иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудаас санал авч байна. Нийтлэг журмыг шинэчлэх болсон шалтгаан хийгээд энэ удаа урьд өмнөхөөс ямар онцлогтой журам боловсруулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай ярилцлаа.
-Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг яагаад шинэчлэх болсон бэ?
-Тус журмыг анх 2004 онд баталснаас хойш хэд хэдэн удаа өөрчлөн шинэчилсэн. Хамгийн сүүлд 2019 онд тодорхой заалтуудыг өөрчилж, НИТХ-аар баталж мөрдөж байгаа. Урьд нь манай нийтлэг үйлчилгээний журмыг эрх зүйн хувьд чадамжгүй гэж үздэг байсан. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр нийтлэг үйлчилгээний журмаа нийслэл хот өөрөө баталж, мөрдүүлэх боломж бүрдсэн. Тиймээс шинэчлэн боловсруулаад байна. Төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн төлөөлөл багтсан 27 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг журмын төслийг ирэх сард батлуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
-Журмын төсөлд шинээр ямар өөрчлөлтүүдийг тусгаж байгаа вэ?
-Цаг хугацаатай уялдуулаад хэд хэдэн шинэчлэлийг шинэ журамд тусгасан. 74 нэр төрлийн худалдаа, үйлчилгээг нийслэлийн хэмжээнд зөвшөөрөл, батламжаас чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулаад хэд хэдэн өөрчлөлт орсон. Зах, худалдааны төвүүдийн зохицуулалт, Онлайн төвийн цахим үйлчилгээтэй холбоотой өөрчлөлт орсон. Үүгээрээ өмнөх нийтлэг журмаас давуу талтай.
-Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй худалдааг 18 төрөлд хуваан үзсэн байсан. Эдгээрт ая тухтай дэлгүүр, үзүүлэнгийн танхим, аутлет, бутик гэхчлэн өмнө нь түгээмэл байгаагүй төрлүүдийг нэмсэн байна лээ. Түүнчлэн улирлын чанартай сүүдрэвч худалдаа, дахивар авах цэг зэрэг бүхий л төрлийн үйлчилгээг багтаажээ?
-Тийм ээ. Сүүлийн 4-5 жилд шинээр дэлгэрч буй худалдаа, үйлчилгээний бүхий л салбарыг багтаан оруулж байгаа. Ая тухтай дэлгүүрийн стандартыг 2019 онд шинэчлэн гаргасан худалдаа, үйлчилгээний стандартад шинээр оруулж өгсөн. Худалдаа, үйлчилгээнийхэн ч шинэ тутам гарч байгаа үйлчилгээнд нийцүүлэн ажиллаж байна. Ая тухтай дэлгүүр нь иргэдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн, утасгүй интернэттэй, өөртөө үйлчлэх түргэн хоолны цэгтэй, зориулалтын хоол халаах болон хөргүүрийн тоног төхөөрөмжтэй байх зэрэг шаардлагыг стандартад тусгасан байдаг. Олон улсын дэлгүүрээс гадна үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүд ая тухтай дэлгүүрийн үйлчилгээ эрхэлж байна. Жижиглэн худалдаа эрхлэгчид ч үйлчилгээгээ ая тухтай дэлгүүрийн стандарт руу оруулж байна.
-Ая тухтай дэлгүүрүүд голчлон хотын төв хэсэгт байршдаг. Гэр хорооллын иргэдэд соёлтой, ая тухтай үйлчилгээг хүргэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Судалгаанаас харахад коронавирусээс болж хөл хорио тогтоосон сүүлийн хоёр жилд томоохон супермаркетууд хотын зах руу олноор бий болсон. Хотын зах буюу авто тээврийн товчоод орчимд ая тухтай дэлгүүр олширсон. Гэр хороололд ая тухтай дэлгүүрийн сүлжээ нэмэгдэж байгаа. Цаашид гэр хороололд ая тухтай үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлээр манай хэлтсээс төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Ахуйн үйлчилгээний нэр төрөл дунд айл гэр, албан байгууллага нүүлгэх, цэвэрлэх гэсэн шинэ төрлийн үйлчилгээг багтаажээ. Гадаадын улс орнуудад өргөн дэлгэр нэвтэрсэн хэдий ч манай улсад бол шинэ тутам дэлгэрч байгаа энэ үйлчилгээний зөвшөөрөл болон шаардлага, стандарт байдаг уу?
-Айл гэр, албан байгууллага нүүлгэх, цэвэрлэх үйлчилгээнд тогтсон стандарт, зөвшөөрөл байдаггүй. Бид холбогдох байгууллагаас санал авч эхэлсэн. Тэрхүү саналд үндэслэн стандарт боловсруулж, батлах юм. Энэ төрлийн үйлчилгээнд хариуцлага, стандарт байх шаардлагатай.
-Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын бие засах засах газраар үйлчлүүлэхэд төлбөр авдаг. Үүнийг төлбөргүй болгох тухай шинээр боловсруулж буй нийтлэг үйлчилгээний журамд тусгасан нь шинэлэг санагдлаа?
-Нийтлэг үйлчилгээний журамд нэмэлтээр орсон бас нэгэн заалт бол үйлчилгээний байгууллагуудын бие засах газрыг үнэ төлбөргүй болгох тухай юм. Харахад энгийн юм шиг хэрнээ хүний анхдагч хэрэгцээг хангахад анхаарахаас аргагүй. Манайд түгээмэл хэрэгждэггүй энэ үйлчилгээг нэвтрүүлэх цаг болсон. Бизнесийн байгууллага ая тухтай, хүний төлөө үйлчилгээ нэвтрүүлж байж л үйлчлүүлэгчээ татна шүү дээ.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 18,664 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хэн хэрэглэгчдэд ая тухтай орчин бүрдүүлж, тааламжит үнэ санал болгож, сэтгэл ханамжтай үйлчилгээ өгч чадаж байна, тэр байгууллагын бизнес өргөжнө. Тиймээс байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээ татахын тулд нийтийн бие засах газар ажиллуулах, цэвэрхэн байлгахад анхаарч ажиллах ёстой.
Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамтай та дараах холбоосоор танилцаж, саналаа өгөх боломжтой.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР