Юнис хар салхинд нэрвэгдсэн Европын хэд хэдэн оронд cүүлийн хоёр өдрийн дотор 16 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн тоо Нидерландад дөрөв, Польшид дөрөв, Их Британид гурав, Герман, Бельгид тус бүр хоёр, Ирландад нэг хүнээр бүртгэгджээ. Үүнээс гадна олон хүн бэртэж гэмтсэн ба ихэнх нь шуурганы улмаас автомашины осолд орж бэржээ. Тухайлбал, Францын хойд хэсэгт автомашины ослоор 30 хүн бэртсэн байна.
Юнисийг цаг уурчид албан ёсоор хар салхи биш шуурга хэмээн ангилсан боловч үүнийг цаг уурчид юу гэж нэрлэхээс үл хамааран, энэ нь сүүлийн 30 жилийн хугацаанд Европт тохиолдсон хамгийн хүчтэй байгалийн гамшгийн нэгд тооцогдож байна. Баасан гаригт салхины хурд зарим газраар 200 гаруй км/цагт хүрч, сая сая байшингууд түр хугацаанд цахилгаангүй болж, олон бүс нутагт галт тэрэг болон бусад нийтийн тээврийн хэрэгсэл зогсч, гамшгийн бүсийн нисэх онгоцны буудлууд олон зуун нислэгээ цуцлахад хүрчээ.
Германы төмөр зам, Deutsche Bahn, Юнис 1000 километр замын цахилгааны сүлжээ болон дохиог гэмтээсэн гэж мэдэгдсэн бол тус улсын баруун хойд хэсэгт орших Польш улсад өнгөрсөн бямба гаригт нэг сая орчим айл цахилгаангүй үлджээ.
Голландын эргийн харуулууд Хойд тэнгист 26 хоосон чингэлэг хайж байна. Эдгээр чингэлэгийг Герман руу явж байсан тээврийн хөлөг онгоцноос унасан бөгөөд чингэлэгүүд Голланд, Германы эргийн ойролцоо урссан байна. Эрлийн ажилд нисдэг тэрэг, чирэх завь оролцож, тус бүсэд зорчиж байгаа хөлөг онгоцуудад далайд чингэлэг хөвж байгааг анхааруулсан байна.
Эх сурвалж: BBC