Эрх баригч МАН-ын Хяналтын ерөнхий хороо баасан гаригт (2022.02.18) хуралдаж, нийгмийн гол сэдэв болж байгаа Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Хөгжлийн банкнаас зээл авсан тус намын 10 гаруй гишүүний асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням болон УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нараас тайлбар шаардсан байгаа.
Хөгжлийн банкны асуудалд МАН ямар байр суурь баримталж байгаа талаар Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарын хэлсэн үгийг түүвэрлэн хүргэж байна.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б:Баярбаатар: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлэлцэж эхэллээ гэж та бүхэн ойлгож болно. Цаашдаа шинээр үүссэн нөхцөл байдалд тулгуурлаж, дараа дараагийн шийдвэрүүд гарах боломж, бололцоо байгаа. Хэрвээ шинээр нөхцөл байдал үүссэн тохиолдолд цаг хугацаа алдалгүй, дараагийн хариуцлагын асуудлыг шийдвэрлээд явна гэсэн байр суурин дээрээс өнөөдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
МАН-ын дүрэмд улс төрийн хариуцлага хүлээлгэх… Бидэнд ямар нэгэн иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх мөрдөн байцаах эрх байхгүй. Хоёрдугаарт МАН-ын дүрэм Улсын дээд шүүхэд бүртгэгдээд өнөөдөр 9 дэх хоног дээрээ явж байна. Энэ дээр битгий санаа зов. Хууль хяналтын байгууллага яллагдагчаар татаад, гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд бид хэнийг ч хаацайлахгүй. Намын гишүүдэд тэгш хариуцлага хүлээлгээд явна.
Өнгөрсөн хугацаанд цаг хугацаанаас үл хамаараад ял эдлээд дуусчихсан улсууд, жишээлбэл 2000 онд хоёр жилийн ял аваад, ял нь дуусаад ялгүйд тооцогдсон байгаа намын гишүүд Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн эвлэлдэн нэгдэх эрх нь байгаа шүү дээ. Манай нам тэр хүнийг улс төрийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намын ямар нэгэн сонгуульт албан тушаал хашуулахгүй гэсэн ийм зарчмыг дүрэмдээ суулгаад өгсөн байгаа.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээл болон хувирч, Хөгжлийн банк 26 компанийг шүүхэд өгч, 800 гаруй тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа. Хөгжлийн банк нь нийт 3.2 их наяадын активтай ч 1.8 их наяадын актив эрсдэлд орчихсон яваа. Намдаа тайлбар гаргаж өгөх ёстой нэр бүхий 8 гишүүд бүгд хамаарал бүхий хуулийн этгээдээрээ дамжуулан Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан ч эргэн төлөлт дээр асуудал үүсээд байгаа юм.