Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин , аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 23, 24-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Хөвсгөл нуур орчмын бохирдол, дэд бүтэц, аялал жуулчлалыг цогцоор нь хэлэлцэх уг чуулганы бэлтгэл ажилтай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажилтай танилцаж, үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өглөө. Мөн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж, бодит нөхцөл байдалтай танилцсан байна.
Тус хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж, 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагджээ. Нийтдээ 5 га талбай эзэлж байна. Хогийн цэгийн одоогийн байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл болж ирсэн. Тиймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад буй юм.
Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бол Эгийн гол. Эгийн гол урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг тул Дэд сайдын зүгээс энэ ажлыг яаралтай хийх, оновчтой байршилд технологийн зөв шийдэл бүхий байгаль орчинд сөрөг нөлөөгүй хогийн цэгийг байгуулах шаардлагатайг онцолж, яамнаас анхаарахаа илэрхийллээ. “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай үргэлжилж байгааг орон нутгийн удирдлага хэллээ.
Тодруулбал, 10.000 орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолж, нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн мөсөн хаалга, мөсөн тайз, мөсөн гулгуур, түүнээс гадна 10 мөсөн урлан байгуулах юм. Урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдэцийг бэлтгэж байгаа аж.