Украинаас салан тусгаарласан Луганскын Бүгд найрамдах улс болон Донецкын Бүгд найрамдах улсын хил дээр нөхцөл байдал хурцдаж байна. Пүрэв гаригаас эхлэн Украины аюулгүйн хүчнийхэн Лунганс, Донецк руу буудаж эхэлсний дараа иргэдийг ОХУ руу нүүлгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.
Ням гаригт Украины аюулаас хамгаалах хүчин Минскийн гэрээгээр хориглосон 120 мм-ийн мина ашиглан Докучаевск сууринг буудсан гэж Гал зогсоох дэглэмийн хяналт зохицуулалтын нэгдсэн төвийн (JCCC)-ийн төлөөлөгчийн газар мэдэгджээ. Тус газрын мэдээлснээр, шөнө дундаас хойш Украины аюулгүйн хүчнийхэн 17 удаа буудсан байна. Украины Зэвсэгт хүчин нийтдээ 120, 122 миллиметр калибрын мина, сум ашиглан 198 сумаар буудлага хийжээ.
Украины зүүн хэсэгт мөргөлдөөн найман жил үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд НҮБ-ын мэдээлснээр 13 мянга гаруй хүн хохирогч болж, 44 мянга орчим хүн шархадсан байна. Донбасс дахь хурцадмал байдлыг АНУ болон НАТО-гийн гишүүн орнууд эрчимжүүлж, Украиныг зэвсгээр ханган, цэргийн зааварлагчдыг илгээж байна хэмээн Москва мэдэгдээд байгаа юм.
Луганскийн үүрэн холбооны оператор “Лугаком” компани нутаг дэвсгэр даяар харилцаа холбоо, интернетийг салгаж болзошгүйг анхааруулжээ. Донбасс, Лунганскт цэрэг татлагын ажил эхэлсэн байна. Гэвч Киев өөрийн хяналтад байдаггүй Донецк, Луганск мужуудын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө байгааг үгүйсгэж байна.
Хоёдугаар сарын 18-нд Донбасын Ардын цагдаагийн газрын даргын машин дэлбэрч, мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ. Цагдаагийн даргыг хөнөөхийн тулд албаны машинд нь тэсрэх бөмбөг байрлуулсан байна хэмээн үзэж байгаа бөгөөд машин дэлбэрэх үед Цагдаагийн дарга машинаас буусан байсан тул халдлагад өртөөгүй үлджээ.
Мөрдөн байцаах хороо “гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг илрүүлж, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг зайлшгүй оногдуулах зарчмыг хэрэгжүүлэх бүх арга хэмжээг авна” гэдгээ мэдэгдээд байна.