Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар “Өнөөдөр хэрэглээний үнийн өсөлтийн дарамт дунд ард иргэд амьдарч байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Иргэд өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Иймд хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна.
Эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс зээлийн томоохон эх үүсвэрүүдээс их хэмжээний мөнгийг барьцаа хөрөнгө тавихгүйгээр зээл авч байна. Хөгжлийн банкнаас зээл авсан нөхдүүдийг өөрсдөөр нь төлүүлэх, мөн зээлийн эргэн төлөлтийн мэдээллийг ил тод байлгахыг төрөөс шаардаж байна. Ард иргэд зээл авахад банкуудын зээлийн дундаж хүү 19 хувь байгаа. Аж ахуй нэгжийн бизнесийн зээл 20 хувь, цалингийн зээл болохоор 12-18 хувь байдаг. Иймээс цалингийн зээлийг дээд тал нь 9.9 хувийн хүүтэй олгох, бизнесийн зээлийг 1.5 хувийн хүүтэй болгон бууруулах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Бид хугацаатай шаардлагыг хүргүүлж гуравдугаар сарын 1-ний дотор хариу өгөхийг шаардаж байна. Энэ асуудал дээр шударга хандахыг хүсье. Үнэхээр зээл авах гэж байгаа бол бүгд шударга байя” гэв.
1 comment
Маш зөв шүү санал байна шүү