Эрүүл мэндийн яамнаас халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Манай улсаас БНСУ руу үйлдсэн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн ковидын эерэг хариутай гарсан учир тус улсын зүгээс Монголоос ирэх нислэгийг энэ сарын 23-ныг хүртэл хүлээн авахгүй гэж мэдэгдсэн.
Үүнээс болж иргэд хохирч байна. Тийм учраас иргэдийн шинжилгээг нэг лабораториор авахаар болсон тул гадагшаа нисэх иргэд зөвхөн ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Монгол Улсаас ирж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна. Харин дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг хүлээн авч байгаа” гэлээ.