Өнгөрсөн жил АНУ-д хөрөнгө оруулалтаас хамгийн өндөр өгөөж хүртсэн хүнээр алдарт хөрөнгө оруулагч Варрен Баффет, Жорж Сорос, Медаллиан сангийн аль нь ч тодорсонгүй. Харин АНУ-ын Ардчилсан намын лидерүүдийн нэг болох Нанси Пелоси 69 хувийн өгөөж хүртсэнээр тэргүүллээ. Нанси бол хамгийн баян гишүүдийн нэг бөгөөд 114 сая ам.долларын хөрөнгөтэй. Хамгийн сонирхолтой нь түүнд өөрийн гэсэн хувийн компани байдаггүй бөгөөд хөрөнгө оруулалт хийж өсгөсөн мөнгө нь түүний жилийн цалин болох 193 мянган ам.долларыг огт үрэлгүйгээр 590 жил хадгалсантай дүйцэж байгаа юм. АНУ-д 2012 оноос өмнө улс төрчид дотоод мэдээлэл ашиглан хөрөнгө оруулалт хийж өндөр өгөөж хүртэх нь чөлөөтэй байсан. Харин Обамагийн засгийн газрын үед гишүүд дотоод мэдээлэл ашиглаж, арилжаа хийхийг хориглох Сток Актыг гаргасан юм.
2020 онд энэхүү хуулийг 54 парламентийн гишүүн зөрчсөн нь тогтоогдож байсан бөгөөд тэд өглөө нь парламентын гишүүн орой нь арилжаа эрхэлж давхар ажил хийдэг байжээ. Харин Нанси тэднийг өмгөөлж хэлэхдээ “АНУ бол чөлөөт зах зээлтэй орон учраас хэн ч арилжаа хийх боломжтой” гэж мэдэгдэж байсан юм.
Хэдийгээр Нанси өөрийн дансаар 1 ширхэг хувьцааны арилжаа хийдэггүй ч түүний нөхөр Паулын дансаар 5 25 сая ам.долларын арилжаа тогтмол хийгддэг байна. Тэрээр Amazon, Apple, Google зэрэг компанийн хувьцааны арилжаанд идэвхтэй оролцдог бөгөөд зарим компанийн хувьцааг авалгүйгээр хөшүүрэг ашиглаж колл опцион авдаг. Өөрөөр хэлбэл, хувьцааны ханш нь 10-20 хувиар өсөхөд хөрөнгө оруулалт нь 2-3 дахин өсөх өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнийг сонгодог байна. Тухайлбал, 2020 онд авсан опционуудад Nvidia, Alphabet, Tesla зэрэг компани багтаж байгаа юм. Сонирхолтой нь 2021 оны 7 сард түүнийг Alphabet-ээс 5.3 сая ам.долларын ашгаа авч гарсны дараа Нансигийн ажлын хэсгийг нь ахалж байсан Монополийн эсрэг хууль батлагджээ. Энэ нь хөрөнгө оруулагчдад багагүй хардлага төрүүлээд амжсан юм. АНУ-ын хууль санаачлагчдын хувьд 45 хоногийн дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн авсан хувьцаагаа мэдүүлэх үүрэгтэй. 2022 онд Нансигийн авсан хувьцааны посицыг харахад Alphabet, Walt Disney, Micron, Roblox зэрэг компанийн хувьцааг 2021.12.17-21-ны хооронд авсан байна. Мөн хувьцааны ханш нь 2023.01-р сараас өмнө өсөхгүй бол үнэ цэнгүй болох өндөр эрсдэлтэй колл опцион ч авсан байна. Тэгэхээр АНУ-ын хууль тогтоогч нь мэдээлэлд ойр учраас эрсдэлтэй алхам хийж байна уу? Эсвэл? гэсэн асуулт нээлттэй үлдэж байна.