МҮОХ-ны удирдлагууд Бээжин хотноо БНХАУ-ын ҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Спортын дэд сайд ноён Ли Ингчуантай албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд цар тахлын хүнд үед “Бээжин-2022” олимпын наадмыг амжилттай зохион байгуулж байгаа явдалд талархал илэрхийлээд өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулж буй анхны хот болсонд баяр хүргэв. Хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа хоёр ҮОХ нь спортын салбарт нягт хамтран ажиллаж, олимпын наадамд баг тамирчдаа зохион байгуулж оролцуулан, нөхөрсгөөр дэмжиж байгаад БНХАУ-ын тал хариу талархал илэрхийллээ.
Уулзалтын явцад “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахад хамтран ажиллах болон ирэх есдүгээр сард Ханжоу хотноо болох Азийн наадамд баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцохыг хүсэн ерөөлөө.
БНХАУ-ын баг тамирчид өвлийн олимпын наадамд 1980 оноос оролцож эхэлсэн бөгөөд 1992 онд анхны медаль, 2002 онд анхны алтан медалиа хүртсэн түүхтэй. Х Хэдхэн хоногийн өмнө гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 м-ийн төрөлд тамирчин Гао Тинюү олимпын рекорд тогтоож, тус төрлөөр анхны алтан медалиа авсан юм.
БНХАУ-ын тамирчид нутагтаа зохиогдож буй олимпоос зургаан алт, нийт 12 медаль авч, өвлийн олимпын түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна. Тэд 2010 оны Ванкуверийн олимпоос таван алт, 11 медаль хүртсэн нь өмнөх дээд амжилт байв.