Д.ЖАРГАЛАН
Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтсан учраас банк 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь нийгмийг хамарсан дуулиант сэдэв болон өргөжөөд байна. Дуулианыг даган Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын суудал ганхаж, өнгөрсөн баасан гаригт Засгийн газар хуульч Ж.Эрхэмбаатарыг тус банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр, Баян-Өлгий аймгийн МАН–ын дэд дарга З.Батырбекыг банкны дэд захирлаар, Б.Сүх-Очирыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томиллоо.
Банк үйл ажиллагаа явуулсан 11 жилийн хугацаанд 7 гүйцэтгэх захирлын нүүр үзсэн байдаг. Анхны захирал нь БНСУ-ын иргэн Ким Жанг Жин. 2011 оны тавдугаар сард Монгол Улсын Засгийн газар Солонгосын талтай “Удирдлагын гэрээ” хийж, Монгол Улсын Хөгжлийн банкийг хоёр талын хамтарсан банк удирдахаар болсон тул улс орны ирээдүйд ашигтай, удаан хугацаанд үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх банкны захирлаар Ким Жанг Жинийг томилсон байдаг.
Анхны ял сонссон гүйцэтгэх захирал: 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам засгийн эрх барихаар болж, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, Эдийн засгийн яамны сайдаар “Фортуна” Батбаяр нар ажиллахаар болсон нь Монгол Улсын ирээдүйг тодорхойлолцох учиртай Хөгжлийн банкны үүрэг роль балархай болох эхлэлийг тавьсан гэхэд болно. Шинэ Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, шинэ сайд “Фортуна” Батбаяр хоёр Хөгжлийн банкны удирдлагыг намын харьяаллаар шийдэж, ялсан намын гишүүн ажиллах ёстой гэсэн уламжлалт улстөржсөн томилгоо хийсэн тул Ким Жанг Жин Солонгос руугаа буцаж, Н.Мөнхбат ирсэн юм. Энэ үеэс Хөгжлийн банкинд улстөржсөн томилгоо нүүрлэж, эрх барьж байгаа намын “хүүхэлдэй”-нүүд нүүдэллэн ирдэг болсон гэж үзэж болно.
АТГ-д шалгагдсан хоёр дахь гүйцэтгэх захирал: Н.Мөнхбатын албан тушаалыг 2016 оны наймдугаар сард Б.Батбаяр хүлээн авч байв. Сангийн яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байгаад Хөгжлийн банканд тушаал дэвшиж ирсэн Б.Батбаярыг одоо АТГ шалгаж байгаа. Хөгжлийн банкнаас олгосон эрсдэлтэйд тооцогдож буй 30 компанийн зээл Б.Батбаяраар овоглогдож байгаа юм.
Найдваргүй зээл олгосон гурав дахь гүйцэтгэх захирал: 2019 оны зун Хөгжлийн банканд халаа сэлгээ явагдаж, Б.Батбаярын оронд Г.Амартүвшин ирж байв. 2020 оны УИХ-ын сонгуулийн жил эхлэхтэй уралдаж ажлаа хүлээлгэн өгсөн Г.Амартүвшин одоо УИХ-д сууж байна. Түүний гарын үсгээр Хөгжлийн банкнаас зээл авсан гурван ч компанийг одоо АТГ шалгаж байгаа. Г.Амартүвшинг УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл олгосон тухай дуулиан дэгдээд удаж байгаа.
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн дуулианы эрч суларчихгүй л бол Г.Амартүвшин АТГ–ын мөрдөн шалгах хэлтсийнхний дуудлага, байцаалтад дарагдах хүний нэгд тооцогдож байгаа. 2020 оны жилийн эцсийн байдлаар Хөгжлийн банкны нийт хөрөнгө 4.1 их наяд төгрөг, нийт өр төлбөр нь 3.1 их наяд, өөрийн хөрөнгийн хэмжээ 998 тэрбум төгрөгт хүрчихээд байжээ.
Увсын фракцаас томилогдсон гүйцэтгэх захирал: 2020 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Төрийн сангийн газрын Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Мөнхсүх томилогдсон. Түүнийг Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатарын дэмжлэгтэй томилогдсон гэдэг. Банк олгосон зээлээ эргүүлэн төлүүлэх боломжгүй болж яваа гэдгийг тод харсан хүний нэг бол Н.Мөнхсүх. Гэвч тэр энэ талаар ямар ч мэдээлэл хийгээгүй байсаар үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
“Шүгэл үлээсэн” гүйцэтгэх захирал: 2021 оны наймдугаар сард Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтэн, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэст ажиллаж байсан Н.Мандуул Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар томилогдсон. Түүнийг Сангийн сайд Б.Жавхлан энэ албан тушаалд томилоход нөлөө үзүүлсэн гэсэн яриа явдаг. Өнгөрсөн оны наймдугаар сард Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн банканд аудит шалгалт оруулна. Өрийн хэмжээ дийлдэхгүй байгаа” гэсэн агуулгатай мэдээллийг Засгийн газрын мэдээллийн цагаар өгсөн боловч хүмүүс төдийлөн тоомжиргүй хандаад өнгөрч байв.
Асуудал нам жим, гэхдээ далдхан өрнөсөөр Н.Мандуул нэгдүгээр сард “Хөгжлийн банкны 66 найдваргүй зээлдэгчийг зарлан, банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтсан учраас Хөгжлийн банк 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбумаар хэмжигдэж байгааг дуулгаж “шүгэл үлээсэн” юм. Мэдэгдлийн дараа хэвлэл мэдээлэл, олон нийт тэр чигээрээ Хөгжлийн банкны зээлдэгч рүү эргэн харсан бол өрнөж байгаа дажинг “МАН–ын бүлэглэл хоорондын зодоон” хэмээн улс төрийн хүрээнд нэрлэж байгаа юм.
Өрийн төлөөсийг татвараараа төлөх иргэдэд анхааруулга өгч, тоомжиргүй, найдваргүй бизнесменүүдийг нэрлэсэн Н.Мандуулыг хийх ёстойгоо хийсэн гэж үзэж болох ч, найдваргүй зээлдэгчдийн дуулиан үнэхээр улс төрийн шоу байсан гэж үзвэл тэр “эзэндээ л үйлчилсэн” болж харагдана.
Хөгжлийн банкны хуульч захирал: Ажлаа аваад долоо ч хоноогүй захирал Ж.Эрхэмбаатарыг хуульч, өмгөөлөгч гэдгээр хүмүүс танина. Өр, зээлийн хэмжээ нь их наяадаар хэмжигдэж байгаа Хөгжлийн банк хуульч хүний амархан хийж чадах ажил мөн үү биш үү гэдгийг цаг хугацаа өөрөө харуулаад өгөх байх. Ж.Эрхэмбаатарт нийгмийн ээдрээтэй асуудлыг өмгөөлөх, Үндсэн хуулийн төлөө дуугарах гэх мэт үндсэн ажил нь зохьдог байсан ч түүнийг мөн л улс төрийн хүрээнээс “лифтэнд суулгаад Хөгжлийн банкны тооноор оруулаад ирлээ” гэсэн яриа гарч байгаа.
“Ёс зүйгүй улс төрчдөөс төрийн албан хаагчдаа хамгаалах цаг ирсэн” гэх мэт доголдож байгаа сэдвээр дажгүй ярьдаг, нийгмээ бусдыг өмгөөлдөг хуульчид улс төр, төрийн албан тушаал хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг Ж.Эрхэмбаяр ирж яваа өдрүүдэд өөрөө харуулчих биз ээ.