АНУ-ын Техас мужийн шүүх хэрэглэгчдийн хувийн мэдээлэл цуглуулсан гэх үндэслэлээр Мета компанид хэрэг үүсгэжээ. Шүүх Фэйсбүүкийг эзэмшигч Мета компанийг олон сая хэрэглэгчийн мэдээллийг 10 жилийн туршид царай танилтын технологи ашиглан хууль бусаар цуглуулсан хэмээн буруутгаж байгаа аж.
Мөн Техасийн шүүх Мета компанийг Техасын биометрийн мэдээллийн тухай хуулийг хэдэн тэрбум удаа зөрчсөн хэмээн үзсэн байна. Фэйсбүүк бусдын зургийг нийтэлснийхээ дараа “tag” хийх буюу нэр усыг нь дурьдах замаар хэрэглэгчдийн нүүр царайны мэдээллийг цуглуулсан гэж үзэж байгаа бөгөөд одоогоор бусдын зургийг “tag” хийх функц нь одоо ажиллахаа больсон байгаа юм.
Уг функц нь зураг дээрх нүүр царайг автоматаар таниж “tag” хийхийг санал болгодог. Түүгээр ч барахгүй фэйсбүүк хэрэглэдэггүй хүмүүсийн царайг хүртэл шинжлэн тогтоодог байна.
Өмнө нь Иллинойс мужийн шүүхээс мөн ижил төрлийн зарга үүсгэж Мета компани 650 сая ам.долларын торгууль төлсөн. Уг үйл явдлаас хэдэн сарын дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сард энэ функцээ идэвхигүй болгоно гэдгээ фэйсбүүк зарласан. Мөн нийт цуглуулсан мэдээлэл болох дор хаяж 600 сая хэрэглэгчийн мэдээллийг бүгдийг нь устгана гэдгээ зарласан.
Харин Метагийн зүгээс уг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж мэдэгджээ. Хэрвээ тэд Биометрийн тухай хуулийг зөрчсөн нь батлагдвал 25 мянган ам.доллар, Техасын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн нь тогтоогдвол 10 мянган ам.долларын торгуулийг тус тус төлөх юм.