Алтайн өвөр говь, говийн их дархан цаазат газарт орших “Баян хөндий”-н алтны ордыг Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” компани ашиглахаар зүтгэж байгааг орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм.
Монголын их яруу найрагч Д.Пүрэвдоржийн бүтээлд мөнхөрсөн домогт Сэгс цагаан богд уул, говийн хөрсийг тэжээн тэтгэж байдаг Загийн шугуйг нүцгэлж, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээ, хулан, тахь, хавтгай хар сүүлт зэрэг зэрлэг амьтдын идээшин дассан газар нутгаа орон нутгийн иргэд хамгаалахаар нэгдүгээр сарын хүйтэн өдрүүдээр Улаанбаатарт хүрэлцэн ирж, байр сууриа илэрхийлж байв.
Updown сайтын редакцид ярилцлага өгсөн Баянхонгор аймгийн Шинжинс, Баян-Өндөр сумын малчдын яриаг цувралаар хүргэж байна.
Б.МӨНХТУЛГА: Би Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 4-р багийн иргэн Б.Мөнхтулга гэх малчин хүн байна. Энэ уул уурхайн “Эрдэнэ Монгол” гэдэг компани манай нутагт ирээд хөрс шороо уул ус, бүх юмыг олон том техникээрээ цөлжүүлж, дайрахыг нь дайраад, шавхахыг нь шавхаж, ухахыг нь ухаж, малтахыг нь малтаад дуусаж байна.
Малчид ард бид бол үнэндээ зовлонтой нийгэмд амьдарч байна. Мал услах усгүй, ундны ус хэдэн давхарга явдаг тэрийг цөмийг нь өрөмдчихөөр чинь бүх хөрсний ус нь доошоогоо ороод малаа услах усгүй байна. Ийм хачин царайтай байж байхад дахиад л нэмээд өрөмдөөд арай дэндүү байна.
Н.Багабанди, түүний охин Б.Баярмаа гээд ард нь байгаа улсуудын нэр нь гараад л явж байна. Яасан цаддаггүй, ичдэггүй юм. Н.Багабанди, Н.Багабандийн охин энэ насандаа амьдраад үхчих юм биш шүү дээ, хэдэн үеэрээ явна.
Хөрс шороо авах юмгүй болсон. Төрийн гурван өндөрлөгт хандаж хэлэхэд, Ерөнхийлөгч маань тэрбум мод тарина гээд байгаа. Тэрбум мод, тэрбум заган ой, янз янзын жижиг ургамал бүгд байж байдаг.
Том том техник оруулаад тэрбумаар нь устгаад, нөгөө талаараа үүндээ мөнгө угаагаад ингэж явахгүй ээ. Энэ бол үнэндээ бүтэхгүй. Одоо өвөг дээдсийн минь шарил бүгд тэнд байж байгаа.
Өвөг дээдэс маань тэндээ насаараа амьдраад тэнгэртээ хальчихсан шарилаа тавьчихсан байгаа. Тэндээ тайван амгалан нойрсуулмаар байх юм. Тэгж ч нойрсуулахгүй байна. Бөөн шороо хуурайшилт.
Газар шороо тоосжилт бол үнэндээ хэрэг алга. Арчаагүй төр л үнэндээ байна. Гадаад орнуудад манай Монголын нэртэй очоод ухчихсан уурхай, газар байдаг болов уу?
Тийм юм байхгүй л дээ. Угаасаа Монгол бол тийм нэг дамжин өнгөрөх, бүх муу муухай юм цуглардаг нянгийн газар болж байна. Нөхцөл байдал бол ийм л байна.
2 comments
Байгаль орчин бол малчин ардын амь амьдралаа авч явах үндэс нь болохоор нутагийн ард түмэн бачимдахаас аргагүй юмдаа. Хүн төрлөхтөний ирээдүй бол нано технологи гэхээр манай цэвэр байгаль түүнээс гарах бүтээгдэхүүн хаанаас ч олдохгүй эрдэнэ болох үе их ойрхон байгаа. Иймд төр засаг эх нутагаа элдэв хүмүүсийн шуналын савыг дүүргэхэд биш онгон дагшинаар нь авч үлдэх бодлого явуулах хэрэгтэй болж байна.
Сэгс цагаан богд чинь хил дээр байдаг биздээ. Наад компаниас чинь 200-д км-н хол байгаашдээ. Арай өөр юм ярьж шантаажлаач