АНУ-ын Засгийн газар Өмнөд Солонгост COVID-19-ийн цар тахлын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэддээ тус улс руу зорчихгүй байхыг зөвлөжээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) Өмнөд Солонгосыг “маш өндөр” эрсдэлтэй, 4-р зэрэглэлийн ангилалд нэмсэн байна.
“Хэрэв та Өмнөд Солонгос руу аялах шаардлагатай бол аялахаасаа өмнө вакцинд хамрагдсан эсэхээ шалгаарай” гэсэн анхааруулгыг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв өгч эхэлсэн бөгөөд тухайн хүн вакцин хийлгэсэн ч “COVID-19-ийн халдвар авах эрсдэлтэйг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв анхааруулжээ.
АНУ-ын Төрийн департамент мөн Өмнөд Солонгос руу аялахаас зайлсхийхийг зөвлөжээ. Өмнөд Солонгост сүүлийн өдрүүдэд COVID-19 халдварын шинэ тохиолдлын тоогоор рекорд тогтоож эхлээд байгаа. БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн (KDCA) мэдээлснээр, өнгөрсөн хоногт тус улсад COVID-19 халдварын 57.177 шинэ тохиолдол бүртгэгдэж, 61 хүн нас баржээ.
Нэг өдрийн өмнө COVID-19-ийн 54.619 шинэ тохиолдол бүртгэгдсэн байсан юм. KDCA-ийн мэдээлснээр нас баралтын түвшин 0.49% байна. Эрүүл мэндийн байгууллагууд энэ сарын эцэс гэхэд өдөр бүр шинээр өвчлөгсдийн тоо 170.000-д хүрч болзошгүйг анхааруулсан бол Улсын Математикийн шинжлэх ухааны хүрээлэнгээс ирэх сарын эхээр энэ тоо 360.000-д хүрнэ гэж тооцоолжээ.