Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ням гарагт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гурван давхар объектод мөрийтэй тоглоом тоглож байсан 17 иргэнийг саатуулжээ.
Зохион байгуулалтайгаар хууль бус мөрийтэй тоглоом тоглуулсан хэрэгт 34 настай, эрэгтэй иргэн “Г” гэгчийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Холбогдогч “Г” нь өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж, Зөрчлийн тухай хуулиар гурван удаа торгох шийтгэл оногдуулж байжээ. Мөн тус газарт мөрийтэй тоглож байсан иргэд дунд залилах гэмт хэрэг үйлдэн Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан этгээд байсныг олж саатуулсан байна.
Цагдаагийн байгууллагаас иргэд орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрсэн үед хуулийн байгууллагад хандахыг зөвлөлөө.