Ойн нөхөн сэргээлт, мод үргүүлэг, ойжуулалтын чиглэлээр мэргэшсэн таван компани нэгдэж, 10 жилийн хугацаанд 50 сая мод тарих зорилготой “Мод хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн Цэцэрлэгжүүлэлт, Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг санаачлагчид мод тарих хүсэлтэй ч өөрийн гэсэн газаргүй, хэрхэн тарихаа мэдэхгүй байгаа иргэдэд цахим технологи ашиглах, мод тарьж ургуулах боломжийг олгох ухаалаг утасны “Мод” аппликейшн бүтээжээ. Иймд хэн нэгэн мод тарих хүсэлтэй бол энэхүү аппликейшнээр дамжуулан захиалга өгөх боломжтой бөгөөд захиалсан модыг таны өмнөөс мэргэжлийн хүмүүс тарьж, ургуулах болно. Уг модыг хоёр жилийн дараа захиалга өгсөн хүнд гардуулан өгөх бөгөөд тухайн хүн модыг хашаандаа тарих, эсвэл эх орондоо модыг эх орондоо хандивлах уу гэсэн сонголттой байх юм. Модны үр суулгах шинэ технологи нь уламжлалт модны үрийн технологитой харьцуулахад 98% үр дүнтэй болох нь батлагдсан.
ХААИС-ийн Инженер, доктор, дэд профессор Б.Мөнхбат: Энэ бортого бол 2 жилийн хугацаанд задрахгүй. Яагаад гэвэл маш хүнд даралтаар шахагдсан, дотроо барьцалдуулагч элемент агуулсан учраас. Энэ бортогонд ургасан үр өөрийнхөө гол бат үндсийг доошоо газрын хөрс рүү гаргаж чаддаг. Энэ бортоготой үр мод болон ургасны дараа хөрсөнд суулгана. Хөрсөнд суулгахад анхаарах зүйл нь хөрсний гүний чийгийг эхлээд тодорхойлох ёстой. Хоёр настай модыг суулгах гэж байна тооцвол өндөр нь 15 см орчим болно.
Үүнийг Говийн хөрсөнд суулгах хэрэг гарахад, говь ус багатай учраас хөрсний чийг маш доор 50-60 см доош байдаг. Тэгэхээр гүний чийгтэй хэсэгт тулгаж суулгах шаардлагатай болно. Шууд суулгавал мод хөрснөөс дээш гарах боломжгүй болно. Тиймээс модоо суулгахын тулд бортоготой мод маань 15 см гэж тооцоод доор нь хоосон бортогонуудыг давхарлаж суулгана. Хоосон бортого доор нь нэмж хийж байгаагийн учир нь бортогоны голын нүхээр үндэс доошилж чийгэнд хүрэх боломжтой болж байгаа.
Модны үндэс ургах хамгийн таатай нөхцөл бол гол үндэс ургах чиглэл нь доошоо чөлөөтэй байх ёстой. Энэ зарчмыг баримтлаад модоо суулгадаг. Энэ бол энэ мод сайн ургах амьдралын гол баталгаа болж байгаа.
“Мод” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Л.Батзориг: Мод хөтөлбөр аппликейшн бий болсноор мод тарих хүсэлтэй хүн бүрийн оролцоог хангах зорилгоор, цахимаар мод тарья гэсэн үзэл санаан дээрээс бий болсон. Та цахимаар 5 төрлийн манайд захиалж болно. Ингээд 2 жилийн хугацаанд мэргэжлийн хүмүүс таны модыг ургуулж, арчилна. Дараа нь захиалсан модоо өөр дээрээ аваад хашаандаа болон хүссэн газартаа тарьж болно. Эсвэл манай нөхөн сэргээлтийн болон үржүүлгийн талбайд хандивлаад тэнд ургуулж, мод ургуулж байгаа батламжаа авч болно.
“Хүдэр хөгжил” мод үржүүлгийн компанийн захирал: Б.Батболд Хүдэр сум гэлтгүй Сэлэнгэ аймгийн хэмжээнд хятад болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд маш их байдаг. Дээрээс нь газар тариалангийн бүс нутаг учраас хөрсний доройтол маш их байгаа. Тэдгээр газар тариалан эрхэлдэг мөн уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд нөхөн сэргээлт хийхдээ зөвхөн зүлэгжүүлэлт төдий нүд хуурсан байдлаар хийдэг. Бид өвөг дээдсээсээ байгалиа унаган байдлаар нь авч үлдсэн.
Үүний нэгэн адилаар унаган байдлаар нь үр хойчдоо үлдээх ёстой. Тиймээс газар доорх алтыг нь авсан бол үлдэж байгаа хөрсийг нь унаган төрхөд нь дөхүүлж авч үлдэхийн тулд мод тарих ёстой гэж үзээд, энэ хөтөлбөрийг эхлүүлсэн.
A24 News Agency