2021 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжааны хэмжээ, ТОП-20 индекс, шинээр бүртгүүлсэн үнэт цаасны тоо зэрэг хөрөнгийн биржийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд төдийгүй компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд 30 жилийн түүхэн дэх дээд хэмжээнд хүрлээ гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 248 удаагийн арилжаагаар 146 компанийн 733.3 сая ширхэг хувьцааг 304.9 тэрбум төгрөгөөр, 10.6 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 4.23 тэрбум төгрөгөөр, 75.8 сая ширхэг сангийн нэгж эрхийг 56.8 тэрбум төгрөгөөр, 9.4 сая ширхэг компанийн бондыг 1,048.2 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 1.4 их наяд төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Зах зээлийн үнэлгээ 97 хувиар өсөж 5.9 их наяд төгрөгт, ТОП-20 индекс 130 хувиар өсч 44 411 нэгжид тус тус хүрсэн байна. Компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт болон үр ашгийн хувьд 2021 онд үйл ажиллагаанаас нийт 5.5 тэрбум төгрөгийн орлогыг олж, 2.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж, Улсын төсөвт нийт 530.8 сая төгрөгийн татвар, хураамжийг зохих хуулийн хугацаанд нь бүрэн төлж, татварын дараах цэвэр ашгийг 3.2 тэрбум төгрөгт хүргэжээ.