Оросын Либерал ардчилсан нам Владимир Жириновский тархины хорт хавдар туссан тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарсан учраас тус нам цуурхал тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгөхөө мэдэгджээ.
Тус намын хуульчид шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд намын дарга Владимир Жириновскийн эрүүл мэндийн байдлын талаар мэдээлсэн хэвлэлийн мэдээг цуглуулж эхэлсэн талаараа Төрийн Дум дахь Либерал ардчилсан намын Telegram сувагт мэдээлсэн байна.
Тус мэдээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Либерал ардчилсан намын талаар урьд өмнө байгаагүй худал хуурмаг зүйл мэдээлэх болсон. Зарим хэвлэл мэдээлэл бараг өдөр бүр Жириновскийн биеийн байдлын талаарх цуурхал, таамаглалд тулгуурласан мэдээлэл гаргаж байна.
Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар материал цуглуулж эхэлсэн тул Владимир Жириновскийн талаарх нэргүй цуурхалыг иш татах, дахин хэвлэхээ зогсоохыг уриалж байна хэмээн дурджээ.
Либерал ардчилсан намын дарга 2-р сарын 2-ны лхагва гаригт эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба омикрон омгийн халдвар авч, хүндрэл үүссэн хэмээн мэдээлжээ.