Сири: Найман настай хүүг хулгайлсан гэмт хэрэгтнүүд түүнийг эрүүдэн шүүж буй бичлэгээ интернэтэд тавьсан нь Сирийн иргэдийн дургүйцлийг төрүүлж, найман настай хүүг суллах ажил эхэлжээ. Хүүг Фаваз аль-Катайфан гэдэг. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард гэмт бүлэглэлийнхэн хулгайлж, ар гэрийнхнээс нь их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна.
Хулгайчид Фавазын гэр бүлийнхэнтэй хүүг хүлээлгэн өгөх цаг хугацаа, газрыг товлосон боловч хоёр удаа товлосон газартаа ирээгүй аж. Бямба гаригт тэд хүүгийн ааваас 500 сая сири фунт (199,000 доллар) нэхэж, Нава хотын ойролцоох газар аваачиж өгөхийг шаарджээ. Тэд мөнгөө авсны дараа 8 настай хүүг эмийн сангийн гадаа орхиод явжээ.
Орон нутгийн цагдаа нар заналхийлэл илгээж, мөнгө нэхэмжилсэн утасны дугаарыг мөрдөн өнгөрсөн долоо хоногт дөрвөн сэжигтнийг баривчилсан байна. Фавазын аав Мохаммед “Хүүхдээ чөлөөлж чадлаа, хүү минь гэр бүлийнхээ халуун тэврэлтэнд эрүүл саруул буцаж ирсэнд маш их баяртай байна” гэсэн бол түүний авга ах Мусаб Ерөнхийлөгч Башар аль-Асадад талархал илэрхийлжээ.
Гэмт хэрэгтнүүд хүүг арваннэгдүгээр сарын 2-нд Ибтаа хотод сургуулиас гэртээ харих замд хулгайлсан бөгөөд Фаваз тэдний талаар ярихдаа өөрийг нь хананаас олсоор дүүжлэн, суран бүсээр ташуурдуулж байсан тухай өгүүлжээ. Фавазын тухай мэдээ энэ сарын эхээр олон нийтийн сүлжээгээр таржээ.
Гэмт этгээдүүд хүүг зодох үед өвдөлтөө тэсвэрлэхгүй хашгирч буй дүрс бичлэг олны анхаарлын төвд орж, олон нийтийн сүлжээнд #Хүүхдийг_аваръя_Fawaz_Qataifan гэсэн хаштаг трэнд болж, гэр бүлийнхэн нь Турк, Герман, АНУ зэрэг алс холын орноос тусламж амласан мессеж хүлээн авч эхэлжээ.
Харин Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн ажиглалтын байгууллага 2011 онд тус улсад аймшигт иргэний дайн эхэлснээс хойш Сирийн зуу зуун хүүхэд хулгайлагдсан бөгөөд тэдний хувь заяа хэрхсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байгааг онцолжээ.