Бусадтай бүлэглэж, насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, цахим орчинд зар байршуулж, бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан илрүүлэн баривчилжээ. Насанд хүрээгүй охидыг гэртээ орогнуулж, эрхшээлдээ байлгаж байгаа этгээдийн тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө ирсэн байна.
Гэмт этгээдүүдийн хууль бус үйлдэл нь баримтаар тогтоогдсон бөгөөд иргэн Ө нар олон нийтийн сүлжээний зарын групп дээр 881…… болон 892…… дугаарын утаснаас “Санхүү авна” гэсэн утгатай зар байршуулж, 17 настай М, 19 настай Н нарыг хүчээр биеийг нь үнэлүүлж, төлбөр тооцоог бэлнээр болон дансаар авдаг байсан нь дансны орлого, зарлагын гүйлгээ болон хохирогчдын мэдүүлгээр нотлогджээ.
Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын гуравдугаар зүйлд заасан “хүнийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
1 comment
Шууд л ялыг нь өгөөч ойлгомжтой юм нь дээр цаг битгий үрж байл даа