АНУ-ын Төрийн департамент аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Элчин сайдын яамны ихэнх ажилтнуудад Украиныг орхин явах тушаал гаргажээ.
ОХУ-аас зэвсэгт ажиллагаа явуулах эрсдэл үргэлжилсээр байгаа тул Киев дэх АНУ-ын ЭСЯ-ны шууд ажилладаг ихэнх ажилчдыг 2022 оны 2-р сарын 12-нд Украинаас явах тушаал өгсөн” хэмээн АНУ-ын Төрийн департаментын консулын асуудал хариуцсан товчоо цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Украин дахь АНУ-ын Элчин сайдын яам өмнө нь твиттер хуудсандаа Төрийн департамент чухал албан тушаал хашдаггүй дипломатчдыг Киев дэх ЭСЯ-аа орхихыг тушаасан тухай мэдэгдэж байв. Мөн хоёрдугаар сарын 13-ны ням гаригаас Төрийн департамент Киев дэх АНУ-ын Элчин сайдын яаманд консулын үйлчилгээг үзүүлэхээ зогсоожээ.
АНУ-ын Элчин сайдын яам үйл ажиллагааны хүрээгээ багасгаж, Украйны Львов хотод онцгой байдлын журмаар, консулын газар хэлбэрээрээр ажиллах бөгөөд консулын байнгын үйлчилгээ болон визийн мэдүүлгийн үйлчилгээ үзүүлэх боломжийг хязгаарлажээ. АНУ-ын иргэд эдгээр үйлчилгээг хөрш орнуудын АНУ-ын Элчин сайдын яамнаас авах юм байна.
Түүнчлэн Украинд байгаа америкчуудын хэн нэгэнд яаралтай тусламж хэрэгтэй болсон үед тус товчооны цахим хаягаар нэвтэрч, тусгай хуудас бөглөж, Төрийн департаментаас хариу ирэхийг хүлээх аж. Ийм асуулгын хуудсыг АНУ-аас зөвлөсний дагуу тэр даруй тус улсаас гараагүй, Украинд үлдсэн АНУ-ын иргэд бөглөх гэнэ.