М.АРИУНТУЯА
Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээл найдваргүй зээлдэгчдын ангилалд орсон. Бид энэ удаа найдваргүй зээлдэгчдийн тоонд багтсан Худалдаа хөгжлийн банкны эзний үл хөдлөхүүдийн талаар хөндөж байна. Банкны эзэн Эрдэнэбилэгийн Кью Эс Си компани, Хөтөл цемент, шохой компани, Худалдаа хөгжлийн банк нь Хөгжлийн банкнаас авсан 508 тэрбум төгрөгөө төлөөгүй байгаа.
Миний ард харагдаж байгаа Худалдаа хөгжлийн банк нь Монгол Улсын арилжааны банкууд дотроо эхний 3-т багтдаг. энэ барилга бол Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах хотын А бүсэд багтах Төв оффис нь юм. Энэ газар гэхэд л зах зээлийн ханшаар хэдэн тэрбумд хүрнэ.
Харин энэ ард харагдаж байгаа газар бол мөн л Худалдаа хөгжлийн банкны мэдлийн газар. Чингэлтэй дүүргийн IV хороонд байрладаг энэ газарт нийслэлийн орчин цагийн барилгуудаас тийм ч хоцрогдоогүй, оффисын барилга байсан ч 2018 онд 31 давхар барилга барихаар нураасан байгаа.
Монгол банкны мэдээллээр Худалдаа, хөгжлийн банкны нийт актив буюу банкны үндсэн хөрөнгө, зээлийн багц нь 2019 онд 8 их наяд төгрөг байжээ. Олонд ил байгаа Худалдаа хөгжлийн банкны эзний хөрөнгийн хэмжээ ийм байхад хамаарал бүхий компаниуд нь найдваргүй зээлдэгчид багтаж байна гэдэгт иргэд итгэхгүй байх нь аргагүй.
Кью Эс Си компани Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барихаар 2014 онд 71 сая доллар, Хөтөл цемент шохой нь 2012 онд 61 сая доллар, Худалдаа хөгжлийн банк нь 2021 онд 6 тэрбумын зээл авчээ.
Кью Эс Си нь 2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан дуулианд холбогдсон түүхтэй. Хөтөл цемент, шохой компани ч мөн Эрдэнэбилэгийн мэдэлд 2015 онд шилжсэн.
Жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкны эзэн 1 тэрбум 380 сая төгрөг буюу Зайсан дахь 4 өрөө байрны мөнгөөр худалдан авчихлаа гэсэн ярианд өртөж байсан юм.
Ард иргэд бид банкнаас авсан зээлээ сар бүр, нэг ч төгрөгийн дутуугүй төлдөг. Зээлээ төлж дийлэхгүй болсон тохиолдолд банк зээлийн барьцаанд тавьсан иргэний эд хөрөнгийг хураах бүрэн эрхийг эдэлдэг.
Татвар төлөгч иргэд банкны зээлийн төлөлтөөс бултаж байгаа хариуцлагагүй улс төрч, бизнесмэнүүдийн зээлийг эргэн төлмөөргүй байна. Тэдэнд хүлээсэн үүрэг гэж бий. Зээл авахдаа барьцаа болгон тавьсан үл хөдлөхүүд ч бий. Төр ажлаа хийж, энэ үл хөдлөхийг хурааж, Засгийн газрыг болон татвар төлөгчдийг өрийн дарамтаас салгах гарц хайх ёстой болж байна.