Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин ихсэх магадлалтайг Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхан анхааруулсан байна. Одоогоор 16 аймгийн 98 сумын 181 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байгаа. Тухайн 181 голомтод өвчний ил шинж тэмдэгтэй 22,300 гаруй мал байгаа.
Үүнийг 2021 оны арванхоёрдугаар сарын мэдээтэй харьцуулж үзвэл өвчний ил шинж тэмдэгтэй малын тоо 10 мянга гаруйгаар буурсан үзүүлэлт юм. Бид өдөр тутам аймгуудын мал эмнэлгийн газруудын мэдээллийг тогтмол авч байдаг. Түүнийгээ цаг тухайд нь нэгтгэж, дүгнэлт хийж буй.
Дүгнэлтийн график дүнг харвал өвчний шинж тэмдэгтэй малын тоо бага зэрэг буурсан байгаа ч бүрэн зогсчхоогүй байна. Тиймээс цаашид халдвар тарах эрсдэл бий. Цагаан сарын үеэр хөдөлгөөн ихэссэн учир өсөх магадлал бий болчхоод байгааг анхааруулмаар байна.
Хамгийн гол нь малд өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд л мал эмнэлэгт яаралтай хандаж, тухайн орон нутгийн захиргааны байгууллагуудтайгаа хамтран хорио цээрийн арга хэмжээ бусад холбогдох арга хэмжээг хэрэгжүүлээд явах шаардлагатай. Учир нь бид өвчнийг эрт илрүүлэх тусам халдварыг өргөн хүрээнд тархахаас сэргийлэх боломжтой” хэмээн Мал эмнэлгийн ерөнхий газрын албан ёсны пэйж хуудсаар дамжуулан мэдээлжээ.