АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Германы канцлер Олаф Шольцтой хэлэлцээ хийснийхээ дараа хийсэн хэвлэлийн хурал дээр “Орос Украин руу довтлох юм бол “Хойд урсгал 2″ хийн хоолой ажиллахгүй” хэмээн мэдэгджээ. АНУ-ын удирдагч “Хэрэв Оросын танк, цэрэг Украины хилээр нэвтэрвэл “Хойд урсгал 2″ байхгүй болно. Бид үүнийг хийж чадна” гэсэн бол Шольц барууны эвслийн Оросын эсрэг авах хориг арга хэмжээний талаар “бид хамтран ажиллах болно” гэж мэдэгджээ.
Мөн Байден “Оросын газрын тос, байгалийн хий зарах чадвартай байх ёстой гэсэн сонирхлыг хүн бүр мартдаг. Орос ч үүндээ ихээхэн найдвар тавьдаг. Хэрэв бид өнөөдөр зөвхөн экспортын тухай ярих юм бол энэ бол ердөө ганцхан асуудал юм” гээд “Байгалийн хийн нийлүүлэлт зогсвол Орос л хохирно. Оросын байгалийн хийн нийлүүлэлт тасалдсан тохиолдолд АНУ Европт хэрхэн туслах талаар бодож байгаа” гэжээ.
Байден мөн ОХУ-ын эрх баригчид Украины асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шийдвэр гаргасан эсэхийг мэдэхгүй байгаа ч америкчуудыг Украины нутаг дэвсгэрээс гарахыг зөвлөсөн байна.
АНУ-ын удирдагч Германыг АНУ-ын хамгийн чухал, найдвартай холбоотны нэг, НАТО-гийн тэргүүлэгч оролцогчдын нэг хэмээн нэрлээд Герман, АНУ-ын түншлэлийн бат бөх байдалд бид эргэлзэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Байдены Шольц нарын хэлэлцээний үед хамгийн их цаг зарцуулсан сэдэв нь Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын тухай яриа байсан бөгөөд Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг АНУ, Герман болон бусад холбоотнуудын хамт дипломат аргаар зохицуулахад хамтран ажиллахаа мэдэгджээ.