Бээжин-2022 Өвлийн олимпийн нээлт Хятадын нийслэл Бээжинд эхлээд байна. Олимпийн нээлт 2008 оны зун олимпийн наадмын нээлт болсон “Шувууны үүр” гэгддэг Бээжингийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эхлэв.
Наадмын ёслолын Ерөнхий найруулагчаар 2008 оны олимпийн найруулагчаар ажилласан Имоу Жан ажиллажээ. Ёслолын нээлтэд мэргэжлийн жүжигчид, дуучин, бүжигчид оролцоогүй. 2022 оны олимпийг зохион байгуулж буй Бээжин хот болон Хэбэй мужийн оюутан, сурагчид, жирийн иргэд оролцсон байна.
Бээжингийн Өвлийн олимп “Нэг ертөнц, нэг гэр бүл” гэсэн уриатай. Энэ нь 2000 жилийн өмнөх Хятадын алдартай үг аж. Үүнийг Хятадын соёлоор жинхэнэ ухаалаг хүн бүх дэлхийг гэр бүл хэмээн хардаг гэсэн үзлээр тайлбарлаж байгаа аж. Олимпийг зохион байгуулагчид Бээжин-2022 дэлхий нийтийг нэгтгэж, нэгэн гэр бүлээрээ хамтдаа Хятадын шинэ жилийн баярыг Бээжинд мартагдашгүй тэмдэглэн өнгөрүүлнэ хэмээн билэгдсэн байна.
Өвлийн олимпийн ёслолын гол билэгдэл нь цасан ширхэгүүд. Энэ нь Хятадын яруу найрагч Ли Байгийн 1300 шахам жилийн тэртээ бичсэн Яньшань уулын цасан ширхэгийн тухай шүлэг, мөн цасан ширхэгүүд ижил байдаггүй гэсэн барууны зүйр үгнээс авсан санаа аж. Бүх цасан ширхэг өөр өөр байдаг гэсэн санаагаар Олимпийн наадамд хүрэлцэн ирсэн, өөр өөр хэлээр ярьдаг, өөр өөр соёлтой улс орны тамирчдыг харуулсан юм байна.
Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ тамирчдын тэсвэр хатуужил, спортоор дамжуулан дэлхийд урам зориг өгч байдагийг онцлоод “Та бүгд маш олон сорилт бэрхшээлийг даван туулж, тодорхойгүй байдлын ард тэвчээртэйгээр гарсны эцэст энд хүрэлцэн ирээд байна. Харин одоо таны хүлээж байсан, бидний хүлээж байгаа мөч ирлээ. Бид бүгд чамтай хамт байж, та бүгдийг дэмжиж байна” гээд тамирчдад амжилт хүсчээ.