Германы Дойче Велле (DW) хэвлэл мэдээллийн компанийн Москва дахь төлөөлөгчийн газрыг хаах тухай Оросын шийдвэрийг Вашингтон буруушааж байна хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ.
Тэрбээр “Дойче Веллегийн Москва дахь товчоо Оросын эрх баригчдын шаардлагын дагуу баасан гаригийн өглөө ажлаа зогсоолоо. Дойче Веллегийн Москва дахь төлөөлөгчийн газрыг хаах тухай Оросын Засгийн газрын шийдвэрийг АНУ буруушааж байна” хэмээжээ. Мөн Нед Прайс “Москвагийн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн сөрөг хүчин, иргэний нийгмийн эсрэг явуулж буй тэмцлийн өмнө АНУ Дойче Велле болон Германтай хамт зогсож байна” хэмээн нэмж хэлсэн байна.
ОХУ Москва дахь Дойче Веллегийн төлөөлөгчийн газрынхан баасан гарагийн өглөө эрт үйл ажиллагаагаа зогсоосон талаар DW-ийн англи хэл дээрх үйл ажиллагаа явуулдаг цахим хуудсандаа нийтэлсэн юм. Хоёрдугаар сарын 3-нд ОХУ-ын Гадаад харилцааны яам Оросын RT DE телевизийн сувгийг ХБНГУ-д нэвтрүүлэхийг хориглосны хариуд Германы DW телевиз, радиогийн компанийн бүх ажилчдыг Орос дахь итгэмжлэлээ цуцална гэж мэдэгдээд байсан юм.
Берлин Орос дахь DW хууль зөрчөөгүй, Германы Засгийн газар хэвлэл мэдээллийн агентлагийн шийдвэрт нөлөөлж чадахгүй гэж мэдэгдээд Москвагийн шийдвэрийг улс төрийн шийдвэр хэмээн нэрлэжээ.