Омикроны омгийн илрүүлэхэд хэцүү дэд төрлүүдийн нэг нь Африкийн таван оронд илэрсэн гэж ДЭМБ-ын Африкийн бүсийн ахлах судлаач Никси Гумеде-Молеци хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
“Омикроны омгийн гурван дэд зүйлээс бид BA.1, BA.2, BA.3-ыг мэдэж байгаа. Одоогийн байдлаар BA.1 дэд зүйл хувилбарын халдварын олон тооны тохиолдол бүртгэгдээд байгаа. Омикроны BA.2-ийн өөр нэг нууцлагдмал дэд зүйл Ботсвана, Кени, Малави, Сенегал, Өмнөд Африк зэрэг таван улсад илэрсэн” хэмээн тэрбээр мэдэгджээ.
BA.2 дэд зүйлээр өвчилсөн тохиолдлын тоо BA.1 дэд зүйлтэй харьцуулахад хамаагүй бага байгаа ч нөхцөл байдал бүс нутгийн албаныхны санааг зовоож байна гэж тэр хэлсэн байна. ДЭМБ-ын Африкийн албаны төлөөлөгчид мөн Африкийн орнуудад COVID-19-ийн эсрэг вакцин түгээх ажилд дор хаяж 1.29 тэрбум доллар дутагдаж байгааг тэмдэглэн хэлжээ.