Бээжин хотноо эхэлж байгаа Өвлийн олимпийн наадам хүнд нөхцөлд явагдах гэж байна. Бээжин тахлын эсрэг хатуу арга хэмжээ авч байгаа ч Хятадад коронавирусын халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байгаа юм. Коронавируст тахал өргөн хэмжээнд тархсаны улмаас медалийн төлөө өрсөлдөх цөөнгүй тамирчид тэмцээн эхлэхээс өмнө хасагдаж эхэлжээ.
Олимпийн наадамд оролцогчи 1-р сарын 23-наас эхлэн коронавирусын шинжилгээгээр 300 орчим төлөөлөгчийн хариу эерэг гарчээ. Тэдний 100 гаруй нь тамирчид, албаны хүмүүс байна. Коронавирусын шинжилгээ нь эерэг гарсан нэр бүхий хэд хэдэн элит тамирчид олимпоос хасагдаад байна.
Тухайлбал, Бээжингийн олимпийн уран гулгалтын төрөлд алтан медалийн төлөө голлон өрсөлдөх ОХУ-ын уран гулгалтын холбооны Ерөнхий захирал Александр Коган, багш дасгалжуулагчдаас коронавирус илэрсэн тухай шуугиан дэгдсэн бол Норвегийн цанын багийн дасгалжуулагч Арильд Монсен, цаначин Анне Кьерсти Калво, Хайди Венг нараас Бээжин рүү нисэхийн өмнө коронавирусын халдвар илэрчээ. Мөн Америкийн бобслейгийн од, Олимпийн гурван удаагийн медальт Элана Тейлорын шинжилгээний хариу Бээжинд ирсний дараа эерэг гарчээ.
Өвлийн олимпод оролцох тамирчид Бээжин рүү нисэхээс өмнө коронавирусын шинжилгээ өгөх ёстой. Хятадад ирсний дараа 24 цагийн зөрүүтэй хоёр удаа шинжилгээ өгөх бөгөөд Олимпийг зохион байгуулагчид баг тамирчдаас өдөр шинжилгээ авч байгаа аж. Олимпийн байгууламжуудад байршсан тамирчдыг өрөөнөөс гарах, бие биетэйгээ харилцахыг хоригложээ. Тамирчид, дасгалжуулагчид 20 квадрат метр талбайтай нэг хүнд зориулагдсан өрөөнд амьдарч, утасгүй интернет зэрэг үндсэн бүх үйлчилгээг авч байгаа аж.