Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цагаан сарын мэндчилгээ дэвшүүллээ.
Эх орон нэгт, элгэн садан ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа,
Та бүхэндээ “Буян үйлдэгч” хэмээх бэлгэ дэмбэрлийн тодотголтой усан бар жилийн Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний мэндчилгээг айлтган барья.
Энэхүү мэндчилгээг малчин залуустайгаа хамт, хөдөөгийн уудам, сүргийн бэлчээрээс монгол түмэндээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.
Улиран одож буй үхэр жил монголчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрлалаа. Бас цар тахлаас үүдэлтэй сорилт эрсдэл дагуулсан он болж үлдэж байна.
Дэлхий даяар уналт, уруудалт нүүрлэсэн энэ цаг үед Монголын маань эдийн засаг 2021 оны 3-р улирлын байдлаар 3.6 хувь өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 29.6 их наяд төгрөгт хүрлээ. Оны эцэст экспортын орлого түүхэндээ анх удаа 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Малчин түмний минь хөдөлмөр зүтгэлийн үр шимээр мал өсөж, 67.3 саяд хүрлээ. Буянт малын эзэн малчдын маань эгнээ 6600-гаар өргөжиж, 305.4 мянга болжээ. Тариаланчид маань 614.5 мянган тонн үр тариа хураан авсан нь өмнөх оноос 42.8 хувь өсжээ. Түүнчлэн 1.7 сая тонн хадлан бэлтгэсэн нь 2020 оныхоос 45.1 хувь өссөн дүн юм.
2020 онд огцом агшсан эдийн засаг 2021 онд өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь Монголын ард түмэн төр, засагтайгаа сэтгэл зүтгэл нэг байж, КОВИД-ийн нөлөөг сөрж чадсаны үр дүн мөн. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого, шийдвэрийг УИХ, Засгийн газраас цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүн ийнхүү гарч байна.
Усан бар жилд монголчууд бид цар тахлын цаг үеийг даван туулж, улмаар “Шинэ сэргэлт”-ийн замаар замнах болно. УИХ, Засгийн газраас дэвшүүлж буй энэ бодлого Монгол Улсаа тогтвортой өсөлт, үсрэнгүй хөгжилд хүргэх цоо шинэ ирээдүй байх болно.
Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэлээ тууштай хэрэгжүүлсэн нэг жилийг үдлээ. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах Шүүхийн тухай багц хуулийг баталж, хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэх бодлогын хүрээнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа.
Парламентын шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, сонгодог парламентын хөгжлийн нэгэн шинэ үеийг эхлүүллээ.
Цагаан сарын босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийг нэмж чадсандаа баяртай байна. Азай буурлуудын маань тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400.000 төгрөг боллоо.
“Оюутолгой ордын үр ашгийг дээшлүүлэх тухай” УИХ-ын тогтоол төр, засгийн нэгдмэл чармайлтын үр дүнд амжилттай хэрэгжиж, тус ордын Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Дубайн гэрээг бүрмөсөн цуцаллаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Уурхай ашиглалтад орох хүртэлх зардлыг “Рио Тинто” компани бүрэн хариуцахаар боллоо.
2023 оны эхний улиралд гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд орох өндөр технологийн уурхайтай болж, улсын эдийн засаг, төсөвт орох өгөөж дор хаяж 3 дахин нэмэгдэнэ.
Улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах төр, засгийн бодлого ийнхүү урагштай байгаад сэтгэл нэн таатай байна. Шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий улсыг цогцлоож, Монголоо сэргээн мандуулах Та бидний хамтын хичээл зүтгэл сайн сайхан ирээдүйд тун удахгүй хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнө бат оршиж, элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг өөд өөд нь дэвшүүлэн барья.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
1 comment
Өөрийгөө олоогүй бж бусдыг чи мэдэх үү хөлдүү минь