Д.ЖАРГАЛАН
Өвлийн XXIV олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр (2022.01.31) Бээжин хотыг зорино. Өвлийн олимпийн наадамд 15 дахь удаагаа оролцох гэж байгаа баг тамирчид Швед улсад бэлтгэл сургуулилалтаа хийсэн. Гэвч тэднийг Олимпийн дэвжээ рүү зүглэхээс өмнө тамирчдын хувцас, хувцсан дээр бичигдсэн Монгол Улсын нэр алдаатай бичигдсэн тухай шуугиан дэгдээд байна.
Өвлийн олимпид оролцох тамирчдын хувцасыг өмссөн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Шаравцамцын зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан нь иргэдийн сэтгэлд нийцсэнгүй. Тамирчдын өмсгөл дээрх ангилаар бичигдсэн MONGOL хэмээн үгний G үсэг C мэт харагдаж байгаа нь хүмүүсийн шүүмжлэлийг татахаас өөр замгүй болгож орхив.
Тамирчдын хувцас алдаатай хийгдсэнийг Монголын үндэсний олимпийн хорооны дарга Б.Баттүшиг хүлээн зөвшөөрч “Michel&Amazonka компанийн үйлдвэрлэсэн Олимпийн багийн эхний хувцас алдаатай гарсан тул засуулахаар үйлдвэр лүү буцаагаад байна. Олимпийг зорих тамирчдын хувцас ямар нэг алдаагүй байх болно” хэмээн энэ сарын 22-нд Твиттер хуудсаараа мэдэгдэж байсан ч хувцас үйлдвэрлэгч компани алдаагаа хүлээн зөвшөөрсөнгүй.
Дэлхийн спортын шилдэгүүд хуран цугларч, таван тивийн сая сая хүн цэнхэр дэлгэцээр зэрэг хүлээн авч үздэг спортын их наадмын нээлт дээр улсаа төлөөлөн гарч ирэх тамирчдын энгэр дээрх МОНГОЛ гэдэг нэр алдаатай байх, MONGOL хэмээн зөв уншигдахгүй байх нь монголын баг тамирчид олимпод оролцохгүй байснаас ч долоон дор хэрэг мөн.
Michel&Amazonka компани Өвлийн олимпийг зорих баг тамирчдыг багтаасан ердөө 20 гаруй хувцас үйлдвэрлэжээ. Гэвч тус компани алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй, алдаа гараагүй, жинхэнэ зургийг маргааш ил болгоно хэмээн дэмжигч хаягуудаараа дамжуулан түгээж аргацаав. Ням гаригийн орой 22:00 цаг орчим Michel&Amazonka компани цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж,
“Michel&Amazonka нь Монгол Улсын Шигшээ багийн Өвлийн олимпод өмсөх хувцас хэрэгслүүдийг хариуцан ажилласан. Уламжлал ёсоор нээлтийн өдөр буюу 2022 оны 2 сарын 4-ны өдөр албан ёсны зураг мэдээлэл тайлбарыг өгдөг билээ. Гэвч олон нийтийн сүлжээнд буруу ташаа ойлгогдохоор зураг мэдээллүүд гарч байгаа тул тамирчдын олимпын үеэр өмсөх хувцас хэрэглэлийн зургийг өнөөдөр урьдчилан нийтэлж байна.
Хувцас хэрэглэл нь эцсийн хувилбараар гарах хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг. Тухайн сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар байгаа болно. Монгол Улсын Шигшээ багийн өмсөх ноосон хослолын эцсийн загвар дээрх G үсэг тодорхой болгон зассан харагдаж байгааг хавсаргасан зурагнаас харна уу.Та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд Michel&Amazonka хамт олны зүгээс хүлцэл өчиж байна.
Түүхий эд, материалын дутагдалтай хүнд үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжин биднийг сонгон хамтран ажилласан МҮОХ-нд талархал илэрхийлэхийн хамт Олимпын багийн хувцас хэрэгслийг урлах хүндэт үүргийг цаашид хичээнгүйлэн үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгджээ.
Биеийн тамир, спортын хорооны даргын өмссөн загвар, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгчийн мэдэгдэл болон компанийн мэдэгдэлүүдийн аль аль нь Өвлийн олимпийн тамирчдын хувцас алдаатай үйлдвэрлэгдсэнийг гэрчлээд өгчээ. Хувцас алдаатай үйлдвэрлэгдсэн, түүнийгээ зассан гэдгээ ч үйлдвэрлэгчид хэлээд өгсөн байх юм. Гайхалтай нь үйлдвэрлэгч компани алдаагаа түүхий эдийн хомсдолтой холбон тайлбарласан байх юм.
Ердөө хорин хослолыг сүлжмэлийн машинд сүлжиж, 2-3 см зайд багтах G үсгийн хөнлөн зураасыг нэхэхэд түүхий эд, тэр тусмаа 20 метр хүрэхгүй цэнхэр утас дутсан гэхэд хэн ч итгэхгүй. Энд загвар зураг, сүлжих схемийн алдаа гарсан. Тэр алдааг загвар зохион бүтээгчид болон үйлдвэрлэгч компани, Биеийн тамир, спортын хороо, МҮОХ-ны удирдлага түрүүлэн харж чадаагүйд асуудал нуугдаж байгаа юм. Тусгаар улсынхаа нэрний үсгийг алдаатай бичнэ, үйлдвэрлэж чадаж байгаас “ажлын хариуцлага” харагдаад байна биш үү.
1 comment
Mongolia гэж бичих нь ч буруу. Энэ нь Монголия гэсэн орос дуудлагыг англи дээр хөрвүүлсэн байдал. Орос дуудлаган дээр бичиж байхаар, Монгол дуудлага дээр Mongol гэж бичих ёстой.