Улаанбаатар хотод өнөөдөр (2022.01.29) суурин 152, түр хоёр цэгт 154 багийн 728 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд I тунд 27, II тунд 60, III тунд 622, IV тунд 701, нийт 1410 иргэнийг дархлаажуулсан. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт таван хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3030 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.535 (77.1 хувь), 16-17 насны 27.039 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болох талаар Эрүүл мэндийн салбарынхан зөвлөж байгаа юм.