Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийн цогц сургалтыг нийслэлийн есөн дүүргийн холбогдох байгууллагынханд зохион байгууллаа.
Тодруулбал, тус сургалтыг нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын мэргэжлийн, мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн баг нэгдүгээр сарын 12-25-нд цахим, танхимын хэлбэрийг хослуулан, халдвар хамгааллын дэглэмийг сахин зохион байгуулсан юм.
Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтарсан тус сургалтаар модны үр, тарьц суулгац бэлдэх, мод үржүүлгийн газар байгуулах, модыг зөв тарьж, арчлан ургуулах тухай болон цэцэг, зүлэг тарих, ногоон байгууламж бүтээх, цэцэрлэгт хүрээлэн бий болгох төлөвлөлт, ногоон байгууламжийн дөрвөн улирлын арчилгаа зэрэг цогц мэдлэг мэдээллийг холбогдох албан хаагчдад олголоо.
Тэрбумаар тоологдох мод тарихын тулд иргэдэд экологийн боловсрол олгож, удирдан зохион байгуулах ажилчдад ногоон байгууламжийн талаарх мэдлэгийг бүрэн дүүрэн олгох нь нэн чухал юм. Иймд 12 жилийн ажлын туршлагатай, Монголын цорын ганц цогцолбор цэцэрлэгт хүрээлэн болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ энэхүү сургалтыг бүх аймаг, нийслэлийн хэмжээнд хийх зорилт тавин ажиллаж байна.