Амгалан дулааны станцад цахилгааны гэмтэл гарч, сүлжээний насос зогссоны улмаас өчигдөр оройноос Баянзүрх дүүргийн зарим орон сууц хэрэглээний халуун ус, халаалтгүй болоод байв.
Харин одоогоор халаалт, халуун усаа шахах ажил хийгдэж байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.
Тус компаниас утсаар тодруулахад “Амгалан дулааны станцад гарсан гэмтлийг шөнө засварлаж дууссан бөгөөд айл өрхүүдэд дулаан өгөөд эхэлсэн. Одоогоор температураа нэмээд, горимоо бариад ажиллаж байгаа.
Яг тус станцад гарсан гэмтлийн талаар Амгалан дулааны станцын зүгээс тайлбар өгөх ёстой.
Манай зүгээс зүүн талаас хэрэглээгээ хангадаг хэрэглэгчдийн горим, тохируулгыг хийсэн тул одоогоор Амгалан дулааны станцаас температураа нэмээд явж байгаа гэсэн үг.
Ер нь тус станц дээр цахилгааны гэмтэл гарсны улмаас насос нь зогссон. Гэмтлийг зассаны дараа тус станц эргээд галлагаагаа хийгээд дахиад усаа халааж, температурыг хэвийн горимд оруулахаар нэмээд ажиллаж байгаа гэсэн үг.
Одоогоор хэвийн горимдоо оруулах гээд ажиллаж байгаа л гэж ойлгож болно. Иймд огт халаалт, халуун усгүй байгаа айл байхгүй гэж бодож байна” гэсэн мэдээлэл өглөө.