Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр утсаар ярьжээ.
Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д удахгүй хийх ажлын айлчлал болон “Бээжин-2022” XXIV өвлийн Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцох бэлтгэл ажлын явцын талаар ярилцаж, санал солилцсон байна.
Мөн Монгол Улсын “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан үндсэн зорилтууд болон БНХАУ-ын “14-р таван жилийн төлөвлөгөө”, “Бүс ба зам” санаачилга, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-д тусгагдсан зорилтуудын харилцан уялдааны талаар төр засгийн өндөр дээд түвшинд нэгдсэн ойлголцолд хүрэхийн чухлыг онцлоод, Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн ажлын айлчлалыг үр дүнтэй зохион байгуулж, хоёр талын харилцаанд ахиц гаргах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Сайд Ван И Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоо хамгийн түрүүн илэрхийлсэн гадаад орны төр, засгийн удирдлагуудын нэг гэдгийг онцолж, Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байгааг БНХАУ-ын Засгийн газрын зүгээс чухалчлан үзэж, сайшааж байгааг дурдав.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам