УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийн талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
-Ц.Анандбазарын хэрэг прокурорын хяналтад ирсэн үү? Ямар шатанд явна вэ?
-УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэрэг прокурорт шилжиж ирээгүй байна. Хэргийг шалгах ажиллагаа мөрдөх байгууллагад үргэлжилж байгаа. Ер нь бол, мөрдөгч хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссан бол холбогдох саналын хамт хавтаст хэргийг хяналт тавьж буй прокурорын газарт шилжүүлдэг хуулийн зохицуулалттай.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийг прокурорын хяналтад шилжүүлсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн талаар мэдээлэл гарчээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Энэ мэдээлэл ташаа байна. Мөрдөх байгууллагаас дээрх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж ирүүлээгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Шаардлагатай бол энэ асуудлаар мөрдөх байгууллагаас тодруулах нь зүйтэй.