Д.ЖАРГАЛАН
ХААН банкны хувьцааг тойрсон асуудал он дамжин яригдлаа. Монголын арилжааны банкууд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн Банкны тухай хуулийн өөрчлөлтөд зохицон ажиллахаар болж байгаа юм. Шинэ хуулиар банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид банкны 20 хувиас дээшгүй хувийг эзэмшихээр болсон нь арилжааны банкуудын хувьцааны төлөөх өрсөлдөөнийг ширүүсэж байгаа бололтой.
Зөвхөн ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн мэдээллээс харахад тус банкийг Япон, Монгол Улсын хоёр хуулийн этгээд хуваан эзэмшиж байгаа. Банкны 45.5 хувийг Япон улсын “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Савада холдингс” компанийн охин компани эзэмшдэг бол үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” компани эзэмшдэг.
Тус банкны хувьчлалын асуудал УИХ-ын чуулган дээр хүртэл өрнөж, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаан дээр “ХААН банкийг хэн худалдан авч байгаа вэ, эцсийн эзэмшигч нь хэн бэ. Мөнгөний эх үүсвэр нь цэвэр үү гэдэг зүйлийг Монголбанк зайлшгүй тодруулах ёстой хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Ч.Хүрэлбаатар хэдхэн хоногийн өмнө өөрийн FB хуудсаараа дамжуулан дахин нэг мэдэгдэл хийжээ. Үүндээ нэгэн томоохон албан тушаалтан Монголбанканд Японы иргэн, Савадад ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрөл олго хэмээн шахалт үзүүлсэн албан бичиг илгээснийг дэлгэжээ.
Монголын нөлөө бүхий банкны нэг ХААН-ыг тойрсон дуулиан ойртож байгаа Сар шинийн баярын дараа дахин үргэлжлэхэд гайхах зүйлгүй юм. Ингэхэд монголын улс төр, санхүүгийн зах зээлийнхний дунд яригдаад удаж байгаа ХААН банкны хувьцааг эзэмшигч, Японы иргэн Савада гэж хэн бэ?
Хидео Савада 1951 онд Осака мужид төрсөн. 1973 онд Баруун Германы Майнцын их сургуулийн Эдийн засгийн факультетыг төгссөн. Японд буцаж ирээд Шинжүкүд H.I.S. аялал жуулчлалын агентлаг нээсэн бөгөөд Sawada Holdings-ийн эзэн юм.
Тэрбээр 2003 онд Монголын Хөдөө аж ахуйн банк буюу одоогийн ХААН банкны хувьчлалд оролцож, банкны хувьцаа эзэмшигч болж байжээ. Энэ талаараа Савада Японы хэвлэлд “Монгол Улсын сайд намайг Монголд Япон улсын талаас хөрөнгө оруулах хүсэлт тавьсан. Тиймээс энэ хүсэлтийг хүлээн авч, ХААН банкыг худалдан авч байсан” хэмээн ярилцлага өгч байсан удаатай.
Үүнийхээ дараа Хидео Савада Монголын хамгийн том ноолуурын үйлдвэрт хөрөнгө оруулсан гэдгээ ч зарласан бөгөөд энэ нь Монголын ноолуурын зах зээлийн 40 орчим хувийг эзэлдэг компани байв. Тэрбээр мөн 2012 оны сүүлээр Оросын Алс Дорнод дахь Солид банкны 40%-ийг эзэмшиж байсан.
2019 онд Савада тэтгэвэртээ гарч өөрийн ууган хүү, 38 настай Шутад ажлаа хүлээлгэн өгчээ.