Д.ЖАРГАЛАН

Хөгжлийн банкнаас зээл авсан улс төр, бизнесийн хамааралтай компаниудын мэдээлэл цаг үеийн хамгийн анхаарал татсан сэдэв болон өргөжиж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орж, гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлт хийгээгүй 26 зээлдэгч компани Шүүхийн хаалга татаж, 841 тэрбум төгрөг нэхүүлж эхлээд байгаа юм.

Өнгөрсөн оны наймдугаар сард Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ “Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван  их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл.  Иймд шинэ зээл өгөх чадамжгүй.  Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банканд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарна” хэмээн мэдэгдэж, Хөгжлийн банк гэдэг айл томоос том асуултын тэмдэгтэй болчихсон явааг зарласан.

Харин өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банк 841 тэрбум зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй 26 компанийг зарласан нь шуугиан тарьж, компани тус бүрийн ард байдаг нөлөө бүхий улс төрчид ч ил гарч эхэллээ. Тухайлбал,

  1. Орон нутагт хуурай сүүний 60 үйлдвэр барина хэмээн 50.4 тэрбумын зээл авсан “Монгол драй милк” компанийн ард Алтай констракшн болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,
  2. “Чингис хаан банк” ХХК болон Мондулаан трейд ХХК-ийн зээлсэн нийт 55 тэрбум зээлийн ард сэтгүүлчийг ална хэмээн сүрдүүлсэн АНУ-д Монгол Улсыг төлөөлөн элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр,
  3. “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төсөл дээр 117 тэрбумыг зээлсэн “Нью яармаг хаусинг прожект” компанийн ард Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр дагалдан яригдаж байна. Мөн хөнгөлөлттэй зээл, тусламжаас хэзээ ч хоцорч үзээгүй, Монголын бизнесменүүд дунд нэр нь яригдаж байдаг Эрэл, Бишрэлт зэрэг компаниуд найдваргүй зээлдэгчийн тоонд багтаж, Хөгжлийн банкыг дампууруулах ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсан байх юм.

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэж байв. Үүний дараагаар УИХ  Хөгжлийн банкны тухай хуулийг батлан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүргийг өгч, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар хуульчилсан байдаг юм.

Хөгжлийн банк улс төр, бизнесийн бүлэглэлүүдэд хулхитуулсан тохиолдол ганц энэ биш. 2012 онд АН Засгийн эрх авсны дараа Хөгжлийн банк томоохон зээлүүдийг гаргаж байлаа. 2016 оны эцэс гэхэд Хөгжлийн банкнаас 13 их наядын зөрчил илэрч, зөвхөн “Чингис” бондын хөрөнгийг Хөгжлийн банканд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газар 694 тэрбумын алдагдаж хүлээж байв.

Мөн “Самурай” бондын 290 сая ам.долларыг авахдаа нийт зээлийн 20 хувь буюу 55.7 сая ам.долларыг зээлийн зуучлалын хөлс, хүүгийн төлбөрт шууд суутгуулсан байна. “Чингис” бондын нийт санхүүжилтийн 50 хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй автозам барих, “Гудамж” төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрч, УИХ-ын гишүүн асан Б.ГарамгайбаатарФортуна Батбаяр нар авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж, гэмт хэргээ шүүхээр шийдүүлж байлаа. 

Хөгжлийн банкнаас хөлжсөн улс төрчийн цуваа цаашид ч үргэлжилж магадгүй байна. Хамгийн сүүлийн мэдээгээр МАНаас УИХ-д сонгогдсон 3 залуу гишүүн хамтдаа Хөгжлийн банкнаас олон тэрбумын асуудал яригдаад удаж байгаа. 

Хөгжлийн банк байгуулагдаад 11 жил болж байна. Банк өөрөө Монгол Улсын хөгжлийг түүчээлэх төслүүдэд зээл олгож байх ёстой. Гэвч олгосон зээлүүдийн ихэнх нь найдваргүй болж, Монголын хөгжлийг түүчээлэх төслүүд ч бараг амилсангүй. Үндсэндээ Хөгжлийн банкийг улс төр, бизнесийн бүлэглэлүүд залгиж, төрөөс төрсөн тэрбумтны тоог нэмэгдүүлснээс өөр өөрчлөлт орсонгүй. Зээлээ эргэн төлүүлж чадахаа байсан банкны хувь заяа хутганы ирмэг дээр ирж, зээл авсан эздээ л баярлуулж, төрийн дансыг хоослоход том дэмжлэг өгөөд байна. 

By updown

One thought on “Хөгжлийн банкны зээл хөгжлийг түүчээлэх төслийн тоог биш төрөөс төрсөн тэрбумтны тоог нэмэгдүүлэв”
  1. Энэ арай дэндэж байнаа хавраас маш том эсэргүүцлийн жагсаал хийж төлүүлж шиитгүүлэх хэрэгтэй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн