2021 онд Хятад улсын гадаадаас импортолсон нүүрсний хэмжээ өмнөх оноосоо буурсан нь Австрали, Монголын нийлүүлэлт багассантай холбоотой гэж шинжээчид тайлбарлажээ. Тус улс өнгөрсөн онд 54.7 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2020 оны хэмжээнээс 24.6 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. “Бусад улс орнуудаас авах нүүрсний хэмжээ өссөн ч Австрали, Монгол улсуудын нийлүүлэлтийн хомстлыг нөхөх хэмжээнд хүрсэнгүй” гэж Шаньси мужийн Today Think Tank байгууллагын шинжээч Жя На ярьжээ. Улс төрийн шалтгаанаар 2020 оны аравдугаар сараас хойш импортыг нь албан бусаар хориглоод байсан Австралийн нүүрсийг Хятад улс 2021 оны аравдугаар сараас эхлэн боомтоороо нэвтрүүлж эхэлсэн юм. Үүний үр дүнд 2021 оны нийт импортын 11.3 хувь буюу 6.17 сая тонн нүүрсийг Австралиас авсан байна.
Үүнээс гадна Хятад улс өнгөрсөн оны сүүлийн гурван сарын хугацаанд Австралиас 5.54 сая тонн эрчим хүчний зориулалттай нүүрс импортолжээ. Гэхдээ эдгээр нь Хятадын далайн боомтууд дээр түгжигдээд байсан нүүрс юм. Харин Австралиас шинээр нүүрс ачихыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн онд Монгол улс Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч байсан ч цар тахалтай холбоотой хилийн боомтуудын хориг өсөлтөд нь нөлөөлжээ. 2021 онд Хятад улс Монголоос 14.04 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оныхоо хэмжээнээс 40.93 хувийн бууралт болсон байна. Энэ дутагдсан орон зайн тодорхой хэсгийг ОХУ нөхөж, 2021 онд 10.67 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оноосоо 60 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2019 онд Австрали, Монгол улсууд нийлээд Хятадын коксжих нүүрсний импортын 86.7 хувийг нийлүүлдэг байсан юм.
Өнгөрсөн онд тэдний орон зайг нөхсөн бусад орнууд гэвэл АНУ нийлүүлэлтээ өмнөх жилээсээ 10 дахин өсгөж, 10.18 сая тонныг нийлүүлсэн бол Канад улс хоёр дахин өсгөж, 9.27 сая тонныг нийлүүлжээ. 2022 онд Хятадын нүүрсний эрэлт өсөх төлөвтэй байгаа ч цар тахлын өмнөх үеийн түвшинд хараахан хүрч чадахгүй гэж зах зээлийн шинжээчид дүгнэж байна.