Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2022.01.26) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалахлаа.
Уулзалтын эхэнд ноён Якоб Стаусхолм Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд түүний хүчин чармайлт чухал байсныг онцлов. Тэрбээр, Рио Тинтогийн хувьд шийдвэр гаргахад амаргүй байсан хэдий ч эцсийн дүнд Оюу толгойн төслийг амжилттай үргэлжлүүлэхэд нэгдсэн ойлголтод хүрч, түншлэлийг бэхжүүлэх шийдэлд хүрсэнд баяртай байна. Мөн Монгол Улсад ардчиллын процесс хэрхэн өрнөж байгааг харахад таатай байна. Иймд Улсын Их Хурлын даргад бараалахснаар талархал илэрхийлэх, төслийн талаар санал солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оюу толгойн төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнд баяр хүргэж, Монгол Улс гуравдагч хөрш орнуудтайгаа ардчилсан ёс, хуулийг дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын хууль тогтоох төрийн дээд байгууллага бол ард иргэдийнхээ оролцоог хангасан, ашиг сонирхолыг нь хангахаар ажиллаж ирсэн. Иймд Оюу толгойн асуудлаарх Түр хороог Улсын Их Хуралд байгуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулснаар ард иргэддээ тэнцвэржүүлсэн, үнэн зөв мэдээлэл хүргэхийг зорьсон. Мөн хөрөнгө оруулагч талтай ил тод, нээлттэй хамтран ажиллаж, олон талт байр суурийг нэг талд гаргаснаар ардчиллын үнэт зүйлсэд хүрч чадсан юм гэлээ.
Ноён Якоб Стаусхолм Улсын Их Хурлын даргатай санал нэг байгаагаа илэрхийлж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломжийг олгосон нь маш том үүрэг хариуцлага. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь зөв шийдэл болсныг олон улсад харуулахыг хүсч байна гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар алсыг харсан, харилцан ашигтай байх зарчмыг гол тулгуур болгосон Рио Тинтогийн удирдлагуудад талархал илэрхийлж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед алсыг харсан бодлого чухал болохыг тодогтов.
Талууд Монгол Улсын Их Хурлаас баталсан 103 дугаар тогтоолын хэрэгжилт, татвар, боловсон хүчин зэрэг бусад асуудлаар санал солилцов. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Б.Болд болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.