Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Өмнөх онд нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагийн орон тоог 224 байхаар баталсан юм. Улмаар 205 олон нийтийн цагдааг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллуулсан байна. Ингэснээр өнгөрсөн онд олон нийтийн газарт үйлдэгдэх гэмт хэрэг 7.7 хувь, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 7.3 хувиар буурч, гудамж талбайд үйлдэгдэх зөрчлийн илрүүлэлт 46.9 хувиар өссөн эерэг үр дүн гарчээ.
Тэгвэл энэ онд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд 227, тээврийн цагдаагийн албаны харьяанд 82, нийт 309 олон нийтийн цагдааг ажиллуулах санал ирүүлснийг хэлэлцлээ. Олон нийтийн цагдаа нарт төрийн тусгай алба хаагчдын цалингийн сүлжээний 1 дүгээр шатлалтай дүйцүүлэн урамшуулал олгоно. Урамшуулал болон холбогдох бусад зардлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс гаргах юм.
Олон нийтийн цагдааг ажиллуулах хууль зүйн үндэслэл нь Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтуудад тусгагдсан байдаг аж. Энэ нь цагдаагийн байгууллага орон тоогоо нэмж байгаа гэхээс илүү иргэдийн оролцоон дээр тулгуурлаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэлцүүлгийн үеэр тодотголоо.
Олон нийтийн цагдаа нар цагдаагийн үндсэн чиг үүргийг шууд хэрэгжүүлэхгүй бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн санаа бодлыг авах, үйл ажиллагаандаа тусгах, цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийтэд хүргэх чиглэлд ажиллана гэдгийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал нэмж хэллээ.
Улмаар төлөөлөгчдийн олонх нь Олон нийтийн цагдааг ажиллуулах тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд, орон тоог боломжит хэмжээнд нэмэгдүүлэх саналыг гаргасан юм. Нийслийн ИТХ-ын XIII хуралдаан үргэлжилж байна.
Мөн “Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар шалгаруулан шагнах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан СХД-ийн 21 дүгээр хорооны иргэн, тариаланч Д.Дамдинсүрэн, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн, тариаланч М.Амаржаргал нарт дээрх шагнал олгох танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч Ж.Сандагсүрэн хийж, төлөөлөгчид дэмжлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ