Манай улсад одоо хэрэгжиж буй төслүүдээс цар хүрээ, хөрөнгийн хэмжээ, нэвтрүүлсэн технологи гэх мэт олон үзүүлэлтээр “Оюу толгой” хамгийн томд тооцогдоно.
Уурхайн нийт баялгийн гүний уурхайд бий. Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөсөөр 90 хувийг давсан тул өнөөдөр хүдрийн биетийн анхны тэсэлгээг хийлээ. УУХҮ-ийн сайд Г.Ёндон уурхайн олборлолтыг эхлүүлэх тэсэлгээний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-“Оюу толгой”-н баяжуулах үйлдвэрийн хүчин чадалд тааруулан зэсийн баяжмалыг экспортод гаргаж байна. Өнөөдрийг хүртэл гүний уурхайг хөндийлөн малтах зорилгоор шөнийн цагт тэсэлгээ хийж байв. Харин өнөөдөр хүдрийн биетийг нураах тэсэлгээг анх удаа хийлээ. Цаашид тэсэлгээ үргэлжилнэ.
Гүний уухайгаас гаргах хүдрийн хэмжээ аажмаар өснө. Харин ил уурхайгаас олборлох хүдэр буурна. Гүний уурхай бүрэн хүчин чадалдаа хүрэхэд хүдрийн агуулга одоогийнхоос гурав дахин өснө. Тэгэхээр баяжуулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн ч гурав дахин өснө. Үүнийг дагаад борлуулалтын орлого, энэ орлогоос тооцож авдаг АМНАТ өсөх юм.
Бид Дубайн гэрээг цуцлах хэлэлцээг ид хийж байна. Цуцлах ажил эхэлсэн.
Цаашид мэдээллийг тэнцвэртэй хүлээж авахын тулд Монголчууд “Оюу толгой” компанийн удирдах албан тушаалыг хаших нь зөв. Манай олон инженер энд ажиллаж байна. Бидний оролцоо өндөр байх ёстой. Бид 34 хувьдаа ногдох бүх шатны төлөөллийг томилох хүсэлтээ байнга тавьдаг гэв.