Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр гаргасан цаг хугацаанд нь төлөөгүй гэх 26 компанийг нэрлэхдээ манай байгууллагыг нэрлэж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр авсан зээлээ төлөхгүй байгаа мэтээр худал, ташаа мэдээллийг түгээж байгаа тул энэ мэдэгдлийг гаргаж байна.
Манай байгууллага нь Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсдаа олон томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр хүн амын нас баралтын тэргүүлэх шалгаан, халдвар, хавдар, өвчлөлийг буруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй 99 жилийн түүхтэй, эм хангамжийн ууган байгууллага юм.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогод нийцсэн, тухайн үеийн Хөгжлийн банкнаас тавигдсан бүх нөхцөл шаардлагыг бүрэн хангасны дагуу “Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл”-д зориулан зээл авсан. Уг төслийн хувьд импортыг орлох, валютын гарах урсгалыг багасгаж нэмүү өртөг шингэсэн, ажлын байрыг олноор нэмэгдүүлж, олон улсын GMP стандартын эм, эмийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх зорилготой дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх төсөл юм.
Бид уг төслөө 2012 оноос эхэлж Солонгос, Энэтхэг улсын компаниудтай хамтран “технологи дамжуулах гэрээ” байгуулан ЭМЯ, Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудад болон бусад холбогдох байгууллагуудаас зөвшөөрлөө авах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2018 онд уг төслөөрөө Хөгжлийн банкны сонгон шалгаруулалтад оролцон шалгарч Хөгжлийн банкнаас нийт санхүүжилтийн 19 хувь буюу 7.27 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан.
2018 оны 1 дүгээр сард “5 жилийн хугацаатай” авсан энэхүү зээлийн гэрээ 2023 оны 1 дүгээр сард дуусгавар болно. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнтэй холбоотой эдийн засгийн хямрал болон бусад хүндрэлийг үл харгалзан бид бизнесийн ёс зүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаж зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж 5.6 тэрбум төгрөгийг төлөөд байна. Энэ оны 8 сард багтаан үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна. Биднийг зээлээ огт төлөхгүй байгаа мэт буруу ташаа мэдээлэл гаргаж 99 жилийн түүхтэй ууган байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаад харамсаж байна.
Тиймээс манай байгууллагын бизнесийн нэр хүндэд халдаж, хариуцлагагүй мэдээлэл хийсэн, түүнийг олон нийтэд түгээсэн байгууллагуудыг залруулга хийхийг хүсэж байна.
МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН ХХК