Б.ЦАГААНЦООЖ
2008 оны долдугаар сарын нэгэнд болсон үйл явдлын хохирогч иргэд, ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд өөрсдийгөө төрийн цагдаа албан үүргээ гүйцэтгэх явцдаа бэртэж гэмтдэг асуудлууд бүү давтагдаасай гэж энэ зовлон бэрхшээлийг бие сэтгэлээрээ мэдэрч яваа ар гэрийн төлөөлөл хэмээн танилцуулаад, Долдугаар сарын 1-ний үйл ажиллагаанд бэртэж гэмтсэн хохирогчдын төлөөлөл байна. Бид аливаа асуудлаас урьдчилан сэргийлэхсэн гэсэн туйлын зорилготой, дахин ийм асуудал бүү гараасай гэж бодож байна хэмээн мэдэгдлээ.
Хохирогч Ц.Сүхбаатар: Долоон сарын нэгэнд хохирч амь насаа алдсан таван залуу, хоригдож баригдсан 700 гаруй залуу, шоронд хоригдсон 300 гаруй залуу байдаг. Нийгэмд дахин Казакстаных шиг үйл явдал гараад дэвэргэх юм бол жолоодлогогүй, хөөрсөн ард түмэн гэдэг нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг юм болох гээд байна. Энэ байдлаас гарахын тулд төр засагтаа хандаж хэлэхэд долоон сарын нэгэнд ял авсан 300 гаруй залуусыг цагаатгаж өгмөөр байна. Өршөөлөөр гарсан ч цагаатгал аваагүй байгаа. Мөн төр, албан тушаалтнууд ард иргэдтэйгээ зөвшилцөж үндэсний эв нэгдлийн чуулганыг зохион байгуулж гарах замаа ярьмаар байна гэсэн бол,
Хохирогчийн гэр бүл Пүрэвдорж: Жагсаал цуглаан нэг л өглөө болдоггүй, урьдчилж зохион байгуулалттайгаар хийгддэг гэдэг нь долоон сарын нэгэн харуулсан шүү дээ. Зургаан сарын 27, 28-наас Буянгийн Жаргалсайхан, Магнай, Батзандан, Элбэгдорж нар бүгдийг зохион байгуулж ард иргэдийг турхирж авчирчихаад өөрсдөө хаяад явчихсан. Тэр үеэр миний хүү ажил үүргээ гүйцэтгэж яваад тархиндаа бэртэл авч эмчлүүлж чадахгүй явсаар 2011 онд нас барсан.
Жагсаал цуглааныг турхирч зохион байгуулдаг хүмүүс хариуцлага хүлээдэггүй, хамгийн сүүлд нь хохирч үлддэг хүмүүс нь ард иргэд байдаг гэдгийг анхаарч залуус та бүхэн бодолтой, ухаантай байхыг хүсье хэмээн мэдэгдлээ. Мөн
Хохирогчийн гэр бүл Оюунбилэг: Долоон сарын нэгэн бол сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн, улс төрийн хоёр намын талцлаас үүдэлтэй үймээн шуугианы гай гамшгийг ард түмэн үүрээд хоцорлоо. Тиймээс залуучууддаа хэлэхэд сошиалаар яваад байгаа энэ их жагсаал цуглаанд оролцохгүй байхыг уриалж байна гэсэн юм.