Монгол Улсаас анх удаа Увсын чацарганыг Европын Холбооны газар зүйн заалтад бүртгэлээ.
МҮХАҮТ болон Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтарсан Увс аймагт чацаргана тариалагчдын нэмүү өртгийн сүлжээ бий болгох хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сараас газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг эрчимжүүлсэн. Харин МҮХАҮТ-ын зүгээс Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлтийг хийх зэргээр хувийн хэвшилтэй хамтран ажилласан юм.
Увсын чацаргана газар зүйн заалтад бүртгэгдсэнээр Европын Холбооны гишүүн орнуудад хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх ач холбогдолтой. Түүнчлэн орон нутгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх, тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих, байгаль орчин, цаг уураас шалтгаалсан онцлог амт, чанарыг хадгалах, цаашлаад аялал жуулчлалын шинэ суваг бий болох, хэрэглэгч худалдан авагчид чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг давуу талтай юм.