Тэсрэх бодис ачсан ачааны машин дэлбэрч, Гана улсын нэг тосгоныг сүйтгэн, олон зуун байшин, барилгыг нурааж, олон арван хүний аминд хүрчээ. Амиа алдагсдын тоог 17-д хүрсэн гэж байгаа ч аврагчид сураггүй болсон хүмүүсийн цогцсыг хайсаар байна.
Төв Африкийн энэ улсын Цагдаагийн газрын мэдээлснээр, Гана улсын баруун өмнөд хэсэгт орших Богосо хотын ойролцоох Апиата тосгоны алтны уурхай руу тэсрэх бодис ачиж явсан ачааны машин мотоцикльтой мөргөлдсөнөөс болж дэлбэрэлт үүсчээ.
Орон нутгийн хэвлэлүүд болон сошиал медиа хэрэглэгчдийн мэдээлж байгаагаар Апиата тосгон сүйрсэн бөгөөд иргэд их хэмжээний утаа тортог, эвдэрч сүйдсэн авто зам, цогцос, сүйрч унасан барилгуудын балгас, эрчилсэн арматур, дэлбэрэлтээс үүдсэн том тогооны зургийг нийтэлж байна.
Гана улсын онцгой байдлын албаны төлөөлөгч Шожи Сажи Аменоду дэлбэрэлтийн бүсэд 500 орчим орон сууц байгаа бөгөөд ихэнх нь бүрэн сүйрсэн талаар “Франс Пресс” агентлагт мэдээлжээ. Дэлбэрэлтийн улмаас шархадсан 59 хүнийг тус улсын нийслэл Аккра хотын эмнэлгүүдэд хүргэжээ. Тэдний заримынх нь биеийн байдал хүнд байгаа юм байна.
Гал гарах үед ачааны машины жолооч болон ачааг хамгаалж явсан цагдаа нар зугтаж амжсан ч аааны машинтай мөргөлдсөн мотоцикльтай хүнийг нас барсан бололтой. Ачааны машин нь орон нутгийн “Максам” фирмийн эзэмшлийнх бол алтны уурхай нь Торонто хотод төвтэй Kinross Gold Corporation-ийн мэдэлд байдаг аж.
Алт бол Гана улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг юм. Гамшгийн үр дагаврыг арилгахын тулд аврагчид, цагдаа, цэргийнхэн хамтран ажиллаж байна гэж Гана улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдээд, Апиата хотын амьд үлдсэн оршин суугчдад яаралтай тусламж үзүүлэхийг тушаасан байна.
2 comments
манайхан хэнэггүй ш дээ ийм юм болох вий дээ
Ishshsh.