Өнөөдөр ХӨСҮТ-ээс иргэдэд коронавирусын нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан:
“Омикрон хувилбар дэлхийн 149 улсад бүртгэгдээд байна. Халдварын тохиолдол хамгийн олон бүртгэгдэж байгаа болон нас баралт хамгийн өндөр байгаа улсуудад Их Британи, Дани, Герман, Норвегий, Хойд америкийн улсууд багтаж байна. Манай улсад омикрон хувилбар 2000-3000 болж ихэссэн. Ажлын байр болон гэр бүлээс халдвар авах тохиолдол хамгийн өндөр байна. Өмнө нь 5 хүн тутмын 1 хүүхэд байсан бол шинэ хувилбарын үед халдварт өртөгсөдийн 21,7 хувь хүүхдүүд болүж нэмэгдсэн байна. ХӨСҮТ үндэсний хэмжээний датаг цуглуулан тандалт судалгаа хийж байна. Үйлчилгээний газрууд, эмнэлэг, нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа халдвар авсан хүмүүс 60 гаруй хувьд хүрлээ.
Омикроны халдварын тархалттай зэрэгцээд томуу, томуу төст өвчний таван төрлийн вирус орчилд орсон байгаа. Тиймээс иргэд маань вакцины дархлаа сэргээх тунд идэвхтэй хамрагдах, Цагаан сарыг зөвхөн гэртээ тэмдэглэх шаардлагатай байна. Хувилбарын тандалтын мэдээллээс харвал, энэ долоо хоногийн Даваа гарагийн байдлаар нийт тохиолдлын 91 хувийг Омикрон хувилбар эзэлж байгаа” хэмээн ярилаа.